УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо

2023 оны 12 сарын 14

Улсын Их хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад тус  бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Саранчимэг нар оролцсон.

Энэ удаагийн уулзалтад  “Өнө Мөнхийн Монгол” хэмээн нэрлэсэн байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тус  төслийн багийн мэргэжилтнүүд таницуулга хийв.  “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийн хувьд өндөр ач холбогдолтой газруудад менежментийн болон засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах ажээ.

Энэхүү төсөл нь харилцан тохиролцож байгуулсан гэрээ, хэлэлцээрт үндэслэн тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний эргэн тойрны  газрыг хамгаалах, тогтвортой хөгжилд хүрэхэд чиглэсэн 198 сая ам.долларын төсөв бүхий хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаатай хийхээр төлөвлөж байгаа ажээ. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр 2021 оноос хойш Дэ Нэйчэ Консерванси (TNC) байгууллага манлайлан ажиллаж байна.

Тус байгууллага нь 2008 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдтэй хамтран улс орон даяар хамгаалах шаардлагатай чухал газруудын зураглалыг гаргасан. Түүнчлэн олон нийттэй зөвлөлдөн, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэн, Тосон, Хулстайн байгалийн нөөц газарт бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлсэн хэмээн танилцууллаа.  

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа байгаль хамгааллын чиглэлтэй уялдуулан, олон орны туршлагыг үндэслэн хүүхэд, залуучуудад зориулсан хүрээлэн буй орчноо танин мэдэх зорилготой цогцолборыг байгуулах санал дэвшүүлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, тусгай хамгаалалтай газар нутгийг өргөжүүлснээр байгаль орчныг хамгаалахаас гадна уул уурхайгаас сүйдсэн газар нутгийг сэргээх, байгалийн унаган төрхийг хамгаалахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top