Зул сар ба “Цөмөөхэй”...

2023 оны 12 сарын 15

Шинэ жилийг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлөхийн аргагүй...

Дэлхийн өнцөг булан бүрт театрууд "Цөмөөхэй"-гөөр амьсгалж байна. Монголд ч бас...

Монголын балетын хөгжил сангийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг 2014 оноос эхлэн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг Монголын тайзнаа толилуулж, Зул сарын хамгийн том бэлгийг сонгодог урлаг сонирхогч хүүхэд залууст, бүх насны үзэгчдэд барьдаг болсон билээ.

Сэтгэл догдлон догдлон хүлээдэг “Цөмөөхэй” балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд оролцож, тоглолт бүр өвөрмөц онцлогоор дүүрэн, сонин содон болдог.

Энэ жилийн “Цөмөөхэй”-д Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Саруул, балетчин Б.Халиунаа, Х.Галтулга, Б.Дөлгөөн, Г.Нямцэрэн нар гоцлох юм.

Бүжгэн жүжгийн гол дүр Клараг З.Анирлан, С.Халиун, М.Номин нар бүтээх аж.

“ЦӨМӨӨХЭЙ” балетын тоглолтын хуваарь

 

Хаана: Дуурь, бүжгийн эрдмийн театр

Арванхоёрдугаар сарын 22-нд 19:00 цагт

Арванхоёрдугаар сарын 23-нд 13:00, 17:00 цагт

Арванхоёрдугаар сарын 24-нд 14:00 цагт

Алдарт П.Чайковскийн хоёр үзэгдэлт балет

“Щелкунчик”, “The Nutcracker” буюу “Цөмөөхэй” нь Оросын алдарт хөгжмийн зохиолч П.Чайковскийгийн хоёр үзэгдэлт балет юм. Германы үлгэрийн зохиолч Эрнст Хоффманы 1816 онд хэвлэгдсэн “Цөмөөхэй ба Хулганы хаан” үлгэрээс сэдэвлэн цомнолыг бичсэн Мариус Петипагийн либреттогоор бүтсэн бүжгэн жүжиг аж.

Энэхүү балетыг анх 1892 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт Л.Ивановын найруулгаар үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Барууны орнуудад 1940-өөд оноос тоглогдож эхэлсэн энэхүү балет нь Зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.

“Цөмөөхэй” Монголд

Монгол Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын тайзнаа уг балетыг анх 1982 оны тавдугаар сарын 8-нд тавьсан байна. Удирдаачаар Ч.Жамсранжав, Ж.Бүрэнбэх нар ажиллажээ.

Монгол уран бүтээлчдийн санаачилгаар олон улсад медиа арттай хослуулан бүтээгдсэн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балет нь 2021 онд БНСУ-д анх тоглогдсон байна.

Өнгөрсөн онд УДБЭТ “Щелкунчик” балетыг нийт долоон удаа толилуулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.93.152) 2023 оны 12 сарын 17

Билет их үнэтэй л бна, охиндоо үзүүлмээр л байна

0  |  0
зочин(59.153.86.212) 2023 оны 12 сарын 15

билет нь 60-180,000

0  |  0
Top