“Нисдэг өвдөг”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 22

Дэлхийн мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д Монголоос тулалдаж хэсэгтээ шуугиулсан тулаанч бол “Талын шуурга” хочит Данаагийн Батгэрэл. Түүний хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь ХЦ-ийн 0146-р анги, Чоно голын отрядын хороо цэрэг жагсаж байсан жагсаалын талбайд хөлд орсон хүү. Тэр хэрийн эр зориг, тэвчээр хатуужил байхаар. Тиймдээ ч дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаж байв.

Тус холбоотой хийсэн гэрээ дууссанаас хойш хэсэг завсарлаад, саяхан Karate Combat холбоонд дэбут тулаан хийж ялалт байгуулав. Түүний өрсөлдөгч Куба улсын тамирчин Фредди Масабо байлаа. Энэ тулаанд тэрбээр ялагдаж яваад ялалт байгуулснаараа онцлог юм. Хүнд тулаанд тамирчны торгон мэдрэмжээр ялалт байгуулсан. Эсвэл дасгалжуулагчтайгаа зөвлөж, тактик боловсруулсан байх гэх асуултууд үзэгч, сонирхогчдын дунд одоо ч тавигдсаар байна. Түүнтэй өрсөлдсөн Кубын тамирчин Фредди Масабо бол гарын цохилт маш хүчтэйгээс гадна цохилт даах чадвар өндөр. Ер нь бол нүцгэн гараараа тулалддаг BKFC холбооны тамирчин. Гэхдээ Д.Батгэрэлийн хувьд  хүнд цохилтоор UFC холбоонд алдартай байсан. Тэгэхээр Масабо харин ч түүний гарын цохилтыг даана гэдэгтээ итгэлтэй учраас өрсөлдсөн байж таарна.

“Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-ийн хамгийн сүүлд түүнд ялагдал өгсөн тулаан нь шударга бус байсан уу?” гэдэг асуултад одоогоор тэр хариулаагүй. Хариулаагүй ч гэж, хэн нэгэн  түүнээс ингэж асуугаагүй, эсвэл амжаагүй, тэр энэ талаар хэвлэлд ам нээгээгүй байна.  Ер нь бол UFC энгийн үед сануулдаг, бас хэдэн секунд хүлээдэг бол сүүлийн тулаанд  Д.Батгэрэлд шууд хожигдлыг өгч тулааныг зогсоосон. Өөрөө бол ийм, тийм гэж нэг ч үг хэлээгүй, харин  мэргэжлийнхэн бүгд  тус тулааныг шударга бус боллоо гэж дүгнэж, тулааныг шүүсэн  шүүгчийг хүртэл дахиж шүүлгээгүй. Харин Д.Батгэрэл одоо ММА /холимог тулаан/-аар биш каратэ дээр эргэн ирэлт хийж байна. Karate Combat бол сүүлд шинээр байгуулагдсан холбоо, ингэхдээ  UFC холбоотой дүйцэхүйц өндөр цалин өгдөг гэсэн мэдээлэл бий.

 Энэ тулаанд өрсөлдөгчийн зүгээс Д.Батгэрэлийг шатаах буюу уурлуулах тактик хэрэглэж, түүнийг кататэгийн хар бүсээр хүзүүдэн татаж цочирдуулсан бичлэг сошиалд хэдэн сая хандалт авч, одоо ч хүмүүс үзсээр. Д.Батгэрэлийн зүгээс тухайн үед  хариу үйлдэл үзүүлээгүй. Мэргэжлийн тамирчин гэдгээ харуулж хүлээцтэй байснаараа тэр илүүрхсэн.

Тэгвэл гадаад, дотоодын хэвлэл, мэдээллээр түүний энэ хандлагыг сайшааж, өрсөлдөгчийн үйлдэл харин ч эсрэгээр эргэсэн юм. Д.Батгэрэлийн хувьд бүсээр хүзүүдсэнд нь биш, малгайг нь унгаасанд дургүйцсэн эсвэл харамссан байдал харцанд нь илхэн байсан юм. Арга ч үгүй биз, тэмцээнд зориулж, Дарьгангын шилийн сайн эр Торой бандийн өмсөж эдэлж явсан малгайны загвараар дээрх малгайг зориуд захиалж хийлгээд авч явсан нь Монголоо болон, төрж өссөн Сүхбаатар нутгаа сурталчлах зорилгыг давхар тээж явсантай нь холбоотой биз.

Түүнийг UFC-г орхиход маш олон холбоо санал тавьсан ч өөрөө Karate Combat холбоог сонгосон гэдгийг ойр тойрныхон нь хэлж байна. Учир нь “UFC жем”-ийг Монголдоо байгуулах хүсэл зорилго нь хэвээр тул Karate Combat холбоотой хамтарч ажиллахаар болсон гэсэн таамгийг тэд дэвшүүлж байгаа юм.

Эцэст нь тэмдэглэхэд Karate Combat-д хийсэн анхны тулаанд Фредди Масабод өгсөн түүний “өвдөг”  Karate-гийн түүхэнд үлдэж магадгүй. Ингэхдээ “нисдэг өвдөг” нэрээр тэмдэглэгдэх биз. Karate Combat-ийн түүхэнд өнөөг хүртэл “нисдэг өвдөг”-өөр ялалт байгуулсан, ийм тулаан хийсэн тулаанч бий эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Данаа (59.153.114.65) 2023 оны 12 сарын 23

Маш аятайхан найруулж бичсэн байна шүү . Зохиож гэсэн үг биш шүү. Амжилт хүсье.

0  |  0
уншигч(43.242.242.140) 2023 оны 12 сарын 22

вау мундаг залуу.

0  |  0
Top