УИХ-аас 2023 онд баталсан ОНЦЛОХ 15 ХУУЛЬ

2023 оны 12 сарын 29

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС 2023 ОНД БАТАЛСАН ОНЦЛОХ 15 ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ

Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

 

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх зорилгоор Улсын Их Хурлаас 2023 оны нэг, хоёрдугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарсан.

Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн бол хууль батлагдсанаар пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэхэд сонгогчдын санал гээгдэх нь бага, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай бөгөөд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болж, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдал хангагдана.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал дөрөв дэх буюу Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг батлах үед Улсын Их Хурлын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар 76 гишүүнтэй байхаар хуульчилсан байсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдах үед нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж байсан. Хуулиар хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарч парламентын гишүүдийн тоог тогтоож, иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлсэн. Хуульд “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн өөрчлөлтийг оруулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомж болон хуулийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх болно. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох зохицуулалттай холбогдуулан Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, гадаад улсад байгаа сонгогч санал өгөхтэй холбогдох журам, хугацааг хуульд тусган баталлаа. Ингэснээр хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгоход гадаад улсад байгаа санал өгөх эрх бүхий иргэдийн санал өгөх боломж бүрдлээ.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төв болон салбар комисс байгуулагдан ажиллах бөгөөд төв болон салбар комиссын чиг үүргийг хуульд тодорхой тусгалаа. Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэнэ. Мөн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар хуульд тусгагдсан. Түүнчлэн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах бөгөөд намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зохицуулалт нэмж тусгасан.

Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар ашиглахаар хуульд тусгаж, тухайн самбарыг сум болон хороонд байрлуулах тоо, самбарт зурагт хуудас байрлуулах дараалал болон бусад шаардлагыг тогтоосон.

Улсын Их Хурлын сонгуулийн дүнг үндэслэн суудал хуваарилахдаа сонгуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх шаардлагыг хуульд тусгасан байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар өргөн мэдүүлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь долоон бүлэг, 19 зүйлтэй. 

Энэ хууль нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болохын хувьд түүнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг асуудлыг тусгасан. Үүнд:

Нэг.Ёс зүйн хэм хэмжээ, зөрчил, хариуцлагын талаарх ёс зүйн харилцааны суурь ойлголтын талаарх нэр томьёоны тайлбарыг өгнө.

Хоёр.Энэ хуульд төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагчид нэгэн адил үйлчлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтооно. Албаны чиг үүргийн онцлогтой уялдуулан дагаж мөрдөх ёс зүйн тусгай шаардлага, хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн төрөлжсөн бусад хууль тогтоомжоор тогтоож болохыг заана. 

Гурав.Үндсэн хуулийн зарчим, үзэл санаа, нийгмийн үнэт зүйлсээр тодорхойлогдох эрхэмлэх зан үйл, зөв явах зан байдал, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ, үнэт зүйлсэд тулгуурлан төрийн албан хаагчийн эрхэмлэх үнэт зүйлс, ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтооно. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, Монголын төрт ёс түүх, соёлын уламжлал, төрөө дээдлэх ард түмний итгэл нь төрийн албан хаагчийн эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс гэж үзнэ. Төрийн албан хаагчийн эрхэмлэх үнэт зүйлс, түүний мөн чанарт тулгуурлан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтооно.

Дөрөв.Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн байдалд хяналт тавих бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлон заасан.

Тав.Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хүлээн авах, хянан шалгах, дүгнэлт гаргаж, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх зэрэг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульчилсан.

Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөл нь хуульд заасан харьяаллын дагуу гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэнэ. Тэдгээр нь гомдол, мэдээллээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил үйлдсэн эсэхийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх хэмжээтэй байна. Албан хаагчийн тоо 25-аас доош бол зөвлөл байгуулахгүй ба хүний нөөц хариуцсан нэгж, ажилтан зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)

Аялал жуулчлалын тухай хууль нь байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх; аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан төр, иргэн, хуулийн этгээд хооронд үүсэх харилцааг зохицуулна. 

Аялал жуулчлалын тухай хуульд аялал жуулчлалын бүсийн талаарх дараах зохицуулалт тусгагдлаа. Үүнд:

- Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг байгуулж ажиллана. Засгийн газраас улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооно. Орон нутгийн аялал жуулчлалын бүсийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална;

- Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтоох бөгөөд улсын төсвийн, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны, олон улсын төслийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулж болно;

- Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан бөгөөд хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж тур оператор нь хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.


Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуульд салбарын хүний нөөцийн болон мэргэжлийн чанартай зарим асуудлыг хариуцан ажиллах нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулж, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэхээр заасан. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тур оператор, аяллын агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг ханган зохион байгуулна.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)

Хуулийн үзэл баримтлал, үндсэн агуулгын хүрээнд дараах зохицуулалт тусгагдан батлагдлаа. Үүнд:

Нэг. Технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70 хувьд хүргэх агуулгыг тусгалаа. Энэ хүрээнд тендерт оролцогчдын цахим мэдээллийн санг бүрдүүлж, компанийн мэдээллийн санд баталгаажсан мэдээллийг тендерийн үнэлгээнд ашиглах нөхцөл бүрдсэнээр тендерт оролцогч ижил төрлийн баримт бичгийг олон дахин хувилж, тендер тус бүрд хүргүүлдэг байдлыг хална.

Хоёр. Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчдод шалгарсан оролцогчоос ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгоно.

Гурав. Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулна. 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 3,730 захиалагч байгууллагаас давхардсан тоогоор 16,281 тендер шалгаруулалт цахимаар зохион байгуулагдаж байна. Иймээс захиалагч, тендерт оролцогчид цахим тендер шалгаруулалт зохион байгуулж, цахимаар тендер илгээж хэвшсэн байх тул дээрх өөрчлөлт нь худалдан авах ажиллагаанд оролцогчдын хүсэл зоригт нийцсэн өөрчлөлт юм. Тендер шалгаруулалтын үндсэн таван арга буюу нээлттэй, харьцуулалтын, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ гэсэн аргуудаар тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар баталлаа. Нээлттэй тендер шалгаруулалтын аргын хувьд тендер хүлээн авах хугацааг гадаадын этгээд оролцох боломжтой тендер шалгаруулалтад ажлын 20 өдөр, гадаадын этгээд оролцох боломжгүй тендер шалгаруулалтад ажлын 15 өдөр байхаар хугацааг шинэчлэн тогтоолоо. Түүнчлэн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үнэлгээний үндсэн гурван шалгуур байхаар хуульд тусгалаа. Харьцуулах үнэ буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг үнээр нь эрэмбэлэх, ашиглалтын хугацааны өртөг буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцох, чанар ба үнийн хосолмол буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад чанар ба үнийн шалгуурыг харгалзан тооцох гэсэн үнэлгээний шалгуурыг шинэчлэн тогтоосон.

Дөрөв. Эх оронч худалдан авалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, давуу эрх олгоход тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Орон нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгаас зарласан тендер шалгаруулалтад оролцоход давуу эрх олгогдох бөгөөд энэ нь орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжрах, тогтворжих ач холбогдолтой.

Тав. Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар холбогдох зохицуулалтыг тусгалаа. Захиалагч тендер шалгаруулалтад хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахыг хориглож, оролцогчид учирсан хохирлыг барагдуулах асуудлыг тусгалаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Хуулиар нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах бөгөөд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, сангийн хөрөнгийг арвижуулах, сангийн хөрөнгийн эх үүсвэр, бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан тусгасан. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах, даатгуулагч иргэдийн зүгээс уг санд тавих хяналтыг сайжруулах зорилгоор орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлийг ажиллуулж, нийгмийн даатгалын үйл ажиллагаанд ажил олгогч, ажилтан, даатгуулагчийн тэгш оролцоог хангах, мэдээллийг нээлттэй, ил тод байлгах зохицуулалтыг хуульд тусгалаа.

Тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогыг үе шаттайгаар мөнгөжүүлж, даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг тэтгэврийн нөөц санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулснаар даатгуулагч иргэн бүр тэтгэврийн даатгалын шимтгэлийн бодит хуримтлалтай болох зохицуулалтыг хуульд тусгасан.

Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулж, ажил олгогч, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй авах нөхцөлийг бүрдүүлж, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн хувьд ялгамжтай тогтоохоор хуульчилсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн алданги, торгууль, тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгосон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, тооцоо, хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зохицуулалтыг хуульд тусгасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль

(Шинэчилсэн найруулга)

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь тэтгэврийн даатгалд шимтгэл төлж даатгуулсан иргэнд олгох тэтгэврийн төрөл, тэтгэвэр авах эрх, тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг бууруулж, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан.

Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг тэтгэвэр авагчийн сонгосон арилжааны банкаар дамжуулан олгоно. 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгав.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн бүх харилцааг нэг хуулиар зохицуулж, шимтгэл төлсөн жилтэй уялдуулан тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ. Энэ хуулиар тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид тэтгэмж олгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар ажлын 66 хоног буюу гурван сар, даатгуулагч жилд удаа дараа өвчилсөн, эсхүл хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор болсон даатгуулагчид нэг удаагийн ажлын 132 өдөр буюу зургаан сарын хугацаанд тэтгэмж олгох хуулийн зохицуулалтыг тусгасан.

Хууль батлагдсанаар даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах, даатгуулагчийн амьдралын баталгаа сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхад эерэг нөлөө үзүүлж, даатгалын хамрах хүрээ өргөжих, улмаар ажилгүй болсон даатгуулагчийг хөдөлмөрийн зах зээлд буцан орох боломжийг нэмэгдүүлнэ.

Хууль батлагдсанаар даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах, даатгуулагчийн амьдралын баталгаа сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхад эерэг нөлөө үзүүлж, даатгалын хамрах хүрээ өргөжих, улмаар ажилгүй болсон даатгуулагчийг хөдөлмөрийн зах зээлд буцан орох боломжийг нэмэгдүүлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)

Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгалаа. Үүнд:

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сараас доошгүй хугацаанд хөдөлмөр эрхэлж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар, 2029 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 0.167 хувиар тооцон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд нэмж тусгасан.

Ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажлын байрнаас хамааран ялгамжтай байдлаар төлөх нөхцөлийг бүрдүүлж, ажил олгогчийн төлөх шимтгэлийг бууруулсан. Түүнчлэн ажлын байраа хадгалсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд тусгалаа.

Ажил олгогч урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, ажил олгогч, даатгуулагчид зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлсэн ажил олгогчийн туршлага, ололт, амжилтыг олон нийтэд сурталчлах нөхцөлийг бүрдүүлж өглөө. Хуульд заасан нөхцөл, шаардлагыг ажил олгогч гурван жил дараалан хангасан тохиолдолд сүүлийн жилд төлсөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 15 хүртэлх хувиар тооцож, ажил олгогчид гурван жил тутамд нэг удаа хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр тусгасан.

Хуульд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтныг тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар тусгалаа. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, эсхүл тэтгэвэр нас барсан бол гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох бөгөөд тэтгэмжийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хэмжээтэй адил байхаар хуульчилсан.

Xуульд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид даатгалын сангаас протез, ортопедийн зардлын төлбөрийг жишиг үнийг баримтлан гурван жил тутам нэг удаа олгохоор заасан.

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)

Хуулийн төслийн үзэл баримтлалд туссан үндсэн агуулгын хүрээнд дараах зохицуулалтууд тусгагдан батлагдлаа. Үүнд:

Нэг. Боловсролын тогтолцоог шинэчилж, боловсролыг заавал танхимд суун эзэмшиж байгааг өөрчилж албан, албан бус болон амьдралын орчинд суралцахуйн тогтолцоотой байхаар хуульчиллаа.

Хоёр.Багшийн хөгжлийн тасралтгүй үйл ажиллагааны тогтолцоог бий болголоо. Багш мэргэжлийн сонгон бүлгийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зохион байгуулах зохицуулалтыг шинээр тусгаж, багшийг магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэж эхэлнэ. Багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний таван жил тутамд, үргэлжлүүлэн олгохдоо дараагийн гурван жилээс тооцох зохицуулалт тусгагдан батлагдлаа.

Гурав. Чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургууль биш суралцагчийг дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжинэ. Сайн багш өндөр цалин, үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно. Санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгож сургалтын чанар, орчныг сайжруулах зэрэгт зарцуулах, зарцуулалтад тавих хяналт тодорхой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөл бүрдлээ.

Дөрөв. Засаглал, удирдлагын чадахуйд суурилсан, босоо тогтолцоог бий болгож, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгооны тогтолцоог өөрчилж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын тогтолцоонд шилжүүлнэ. Боловсролын салбарын удирдлага нь Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын үндэсний зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, боловсролын байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, боловсролын сургалтын байгууллагын удирдлага байна. Боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, боловсролын сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа, судалгааны тохирц, бүтээлийн хулгайгаас сэргийлэх, болон багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулна.

Тав. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг зөвхөн Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд зааснаар хэрэгжүүлэхээр туссан. Мөн Боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд суралцагчийн эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө гэж заасан.

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль

(Шинэчилсэн найруулга)

Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан үндсэн агуулгын хүрээнд тус хуульд дараах гол зохицуулалтууд тусгасан. Үүнд,

Нэг. Ялгаатай хэрэгцээ бүхий суралцагчийн сурч боловсрох эрхийг тэгш хангах, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч боловсролын үйлчилгээ авах адил, тэгш нөхцөл боломж бүрдлээ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхэдтэй хамт суралцах, мөн түүнчлэн уян хатан сургалтын төлөвлөгөө, тохируулга бүхий сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, шаардлагатай хөгжлийн дэмжлэг авах, сонсголын бэрхшээлтэй суралцагч бичгийн болон дохионы хэлээр, үндэстний цөөнхийн суралцагч бага боловсролыг эх хэл болон цаашид хос хэлээр боловсрол эзэмших боломжтой боллоо.

Хоёр. Суралцагчийн боловсрол эзэмших арга хэлбэрт гарч буй өөрчлөлтийг хуулиар хүлээн зөвшөөрч танхимын, танхимын бус (зайн, цахим), эдгээрийн хосолсон хэлбэрээр суралцаж болохыг баталгаажуулсны зэрэгцээ хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, мөн нэг хичээлийн жилд суралцагчийн хичээл, сургалтад хамрагдсан байх хоногийг олон улсын жишиг, өөрийн орны онцлогт нийцүүлэн 170-185 (34-37 долоо хоног) байхаар тогтоож, холбогдох хуульд зааснаас бусад тохиолдолд сургалтын хугацаатай холбоотой өөрчлөлт хийх, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглолоо. Энэ нь суралцагч чанартай боловсрол эзэмших боломж нөхцөл бүрдүүлэх чухал зохицуулалт болсон.

Гурав. Ахлах ангийн суралцагчийн чанартай боловсрол эзэмших хэрэгцээг хангах, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор ахлах сургуулийг бие даасан хэлбэрээр, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн ахлах сургууль сум дундын байж болно. Зарим ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн тоо цөөн байгаа болон мэргэжлийн багшийн хомсдол үүссэнээс сургалтын чанар хангалтгүй байгааг арилгах зорилгоор сургуулийн өнөөгийн бүтцийг дахин оновчтой тогтоох, ахлах сургуулийг хөгжүүлэх, боловсролын чанар, санхүүгийн үр ашгийг сайжруулах нөхцөлийг бий болгосон эрх зүйн орчинтой боллоо.

Дөрөв. Дотуур байранд амьдарч байгаа суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, дэмжлэг үзүүлэх, өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйн хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, сургууль, дотуур байрны орчинд дасан зохицох болон суралцах, хөгжих төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход чиглэсэн хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа нь сургуулийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байхаар заалаа. Мөн цэцэрлэг, сургуульд суралцагчийн авьяасыг дэмжих нэмэлт сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхийг нээсэн болно. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа суралцагчид зориулан хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны болон авьяасыг дэмжих хөтөлбөрийг хувьсах зардлаас санхүүжүүлэхээр зохицуулсан. Мөн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд зургаан настай заавал хамруулснаар амжилттай сурах, сургууль завсардалтыг арилгахад эерэг үр нөлөө үзүүлнэ.

Тав. Сургалтын байгууллагын сургалт, үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй холбогдох зохицуулалтыг тодорхой болголоо. Энэ хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь тухайн суралцагчийн эзэмших боловсролын түвшинд тогтвортой байх, сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батлах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн сургалтын хөтөлбөрийг баталж, сурах бичиг зохиох зохицуулалтыг хуульд тусган баталлаа.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)

Дээд боловсролын тухай хууль нь дээд боловсролын удирдлага, зохион байгуулалт, сургалт, судалгаа, санхүүжилт, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулна.

Дээд боловсролын сургалтын байгууллага бүтэц, зохион байгуулалтын хувьд Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн хороотой байх бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой тусгаж, Хөтөлбөрийн хороонд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, төгсөгчийн төлөөлөл орсноор сургалтын чанарт дэвшилт гарч, төрийн бус байгууллага, ажил олгогчдын оролцоо сайжирч, дээд боловсролын сургалтын бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдах юм. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгож, бие даан шийдвэр гаргах зохицуулалтыг тусгасан.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага дундын Удирдах зөвлөл байгуулж болохоор туссан нь улс орны урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, судалгаа эрдэм шинжилгээний ажилд төрийн өмчийн их сургуулиудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн.

Их, дээд сургуулийн багшийн нийгмийн баталгаатай холбоотой орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш ажилтанд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг тухайн байгууллага олгохоор тусгалаа.

Суралцагчийн боловсрол эзэмших хэлбэр тодорхой болж, иргэдийн насан туршдаа суралцах боломж, тэдний өмнө нь олж авсан мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг төгссөн дипломыг хүлээн зөвшөөрөх, бүртгэх баталгаажуулахтай холбогдох харилцааг тусгав. Мөн суралцах хугацаа, хөтөлбөр уян хатан болж суралцагч элссэн мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт суралцах хугацаанд бусад мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт давхар суралцаж хос мэргэжил эзэмшиж болох зохицуулалтыг хийлээ.

Дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний бүтээлийн болон оюуны өмчийн нэгдсэн мэдээллийн сан, судалгааны ёс зүйн зөвлөлийг бий болгосноор эрдмийн ажилд оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдлэх, зөрчихгүй байх, зөрчихөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүллээ.

Дээд боловсролын байгууллага нь оюуны өмчийг бүртгүүлэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах бүтцийг бий болгож, их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог бүрдүүлэх, өөрийн үндсэн бүтцэд эрдэм шинжилгээний хүрээлэн, технологи дамжуулах төв, шинжлэх ухааны парк, технологи, инновацын кластер, туршилт үйлдвэрлэлийн болон эдгээртэй адилтгах нэгжийг бие даан эсхүл хамтран байгуулж болохоор хуульчиллаа.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль

(Шинэчилсэн найруулга)

Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан дараах үндсэн агуулгын хүрээнд тус хууль дараах гол зохицуулалтууд тусгагдан батлагдсан. Үүнд:

Нэг. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлого, зорилго, үйл ажиллагаа нь иргэн насан туршдаа суралцаж хөдөлмөр эрхлэх ур чадвар, чадамж эзэмших, хөгжүүлэх, ур чадвараа хөрвүүлэх, тэгш боломжоор хангах, мэргэжил эзэмших, давтан суралцахтай холбоотой зохицуулалтууд тусгагдлаа. Түүнчлэн иргэн гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, ажил, амьдралын орчинд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах замаар зохих түвшний чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй болж, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх боломжтой боллоо.

Хоёр. Сургалтыг ажлын байрны шаардлагад уялдуулах чиглэлээр сургалтын хөтөлбөрийг ажил, мэргэжлийн стандарт, мэргэшлийн түвшинд нийцүүлэн сургалтын хөтөлбөр боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрийн өрсөлдөх боломж бий болгох, сургуульд суурилсан, хосмог, ажлын байран дахь сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, суралцагчийн жендэрийн тэгш байдлыг хангах талаарх эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Гурав. Сургалтын байгууллагын удирдлагын томилгоо мэргэжлийн байхтай холбогдуулан тавих шаардлагыг сайжруулж, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардалд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бий боллоо.

Дөрөв. Багш, хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг дэмжих, мэргэжлийн багш аж ахуйн нэгж, байгууллагад дадлага хийж ур чадвараа дээшлүүлэх, ажлын гүйцэтгэл, ур чадвараа үнэлүүлэх, өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь ногдол, ашиг хүртэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн үйлчилгээнд хамрагдах зохицуулалтыг шинээр тусгалаа. Үүний үр дүнд багш ур чадвараа дээшлүүлэх болон сургалтын чанар, үр дүнг нэмэгдэхэд эерэг өөрчлөлт гарах боломж нөхцөл бүрдэх юм.

Тав. Түншлэлийн хүрээнд суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, ажил олгогч, мэргэжлийн холбоод, бусад сургалтын байгууллагын эрх, үүргийг нэмэгдүүлж, суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулах, цалин хөлс авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд суралцах, дадлага сургалтыг үйлдвэрлэлийн орчинд зохион

байгуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчийг үнэлэхэд оролцох, төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж сургалтын байгууллагыг удирдах, хөгжүүлэхэд оролцох зохицуулалтууд тусгагдлаа.

Зургаа. Хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, сургалт үйлдвэрлэлийн цогцолбор, хотхон, салбар дундын дадлагын бааз хэлбэрээр хөгжүүлэх зохицуулалтыг шинээр тусгав.

Долоо. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийг ажлын албатай болгох, салбарын мэдээллийн санг бий болгох, “Судалгаа, арга зүйн төв”-ийг шинээр бий болгож Боловсролын үндэсний хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа эрхлэхээр, чадамжийн үнэлгээг боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын чиг үүрэгт нэмэх зэрэг хэрэгжилтийн чиг үүргийг тодорхой болголоо.

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА) 

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намын чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлэх, намын үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, нийтэд нээлттэй болгохтой холбогдсон харилцааг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар зохицуулсан.

Энэ хууль нь долоон бүлэг, 45 зүйлтэй. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

- нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл байх;

- намууд гишүүнчлэлээр хөөцөлдөхгүй байх, цомхон гишүүнтэй байх боломжийг бүрдүүлэх үүднээс намын гишүүдээс дэмжигч (татвар төлдөггүй)-ийг салгасан бөгөөд нам нь намын гишүүн, сонгуульт гишүүн, дэмжигчтэй байх;

- Намын бодлогын судалгааны байгууллага нь сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах;

- нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болох бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлэх;

- намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэхэд чиглэсэн нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал, нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо нууц санал хураалт явуулах, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх, түүнчлэн тухайн албан тушаалыг хаших ёс зүйн шаардлага болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэх;

- нам нь намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах, намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох, сонгуульд оролцох, бусад намтай эвсэл байгуулах, олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагуудтай хамтран ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад гишүүнээр элсэх зэрэг эрхтэй;

- намын дотоод ардчиллыг хангах хүрээнд намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн 30-аас доошгүй хувийн төлөөллийг нэр дэвшүүлэх бөгөөд гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасны үндсэн дээр бүрэлдэхүүнийг нууц санал хураалтаар сонгох;

- нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, сонирхогч этгээдийг мэдээлэл авах боломжоор хангах;

- нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй. Нам нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ. Нам цахим хуудсандаа холбогдох баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчлэх;

- нам жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэнэ. Намд олгох төрийн санхүүжилтэд төрийн аудитын байгууллага аудит заавал хийхээр хуульчилсан. Тайланг нам, сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулах;

- Улсын Их Хурлын сонгуулийн дараа нам төрөөс санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагад гаргана. Сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг хянаж үзээд дараа оны улсын төсөвт суулгаж, хуваарилах;

- төрөөс намд жил бүр төрийн санхүүжилтийг олгох;

- Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлж улсын төсвөөс намуудад санхүүжилт олгох зэрэг зохицуулалтыг тусгасан.

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль гэсэн нэртэйгээр баталсан. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн гол агуулга:

Нэг.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх зүйн байдал

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх зүйн байдлыг түүний үйл ажиллагаанаас хамаарсан тодорхойлолт, хэлбэр, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үйл ажиллагаа явуулах хугацаа зэргээр тогтоосон. Үүнд:

Хөрөнгө оруулалтын банк нь дунд, урт хугацааны тогтвортой эх үүсвэрээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилго бүхий банкны үйл ажиллагаа явуулах төрөлжсөн банк байна.

Уг банк нь хуулийн этгээдийн хувьд хаалттай хувьцаат компани эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан Монголбанк тогтооно.

Банкны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулах “банк” болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдах “хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк”-ны үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй.

Хоёр.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа

Хөрөнгө оруулалтын банк нь дор дурдсан үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:

·      төсөл хөтөлбөрийн зээл;

·      төлбөр тооцоо;

·      баталгаа, батлан даалт;

·      үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах;

·      гадаад валют худалдах, худалдан авах, арилжих;

·      андеррайтер;

·      кастодиан;

·      санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа;

· хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад үйлчилгээ.

Эдгээр үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Банкны тухай хууль тогтоомж, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тус тусын бүрэн эрхийн хүрээнд олгохоор тусгасан.

Гурав.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулахад Банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаж, хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэх бөгөөд тус банкийг үүсгэн байгуулах зөвшөөрлийг Монголбанк олгоно. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг гадаад улсын этгээд байгуулах тохиолдолд тухайн этгээд нь банк, санхүүгийн байгууллага байх, охин компани хэлбэртэй байх шаардлагыг хангана. Харин гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд хувь нийлүүлсэн хөрөнгийн 33 ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авна.

Дөрөв.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хяналт шалгалт

-хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд тавигдах нэмэлт шаардлага, хяналт шалгалтад холбогдох харилцааг Банкны тухай хууль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан журмаар зохицуулна.

-гадаад улсын хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувьд тухайн улсын эрх бүхий байгууллагатай хамтран Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан хяналт шалгалт хийнэ.

-Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн банкны үүсгэн байгуулагчийн оршин байгаа улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага энэ хуулийн дагуу үүсгэн байгуулж бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд Монголбанкны зөвшөөрлөөр хяналт шалгалт хийж болно.

-хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд албадлагын арга хэмжээ авах, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг татан буулгахтай холбогдох харилцааг Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top