БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димоска нар Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм. Энэхүү ажлын хүрээнд хэрэгжих нэгэн чухал санаачилга нь тогтвортой хөгжил, ногоон санаачилгуудыг дэмжих зорилгоор нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоог бий болгоход хамтран ажиллах юм.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Төсөл хэрэгжих хугацаанд 10-20 мян.тCO2-той тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, 0.3МВт-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрээр гэр хорооллын зорилтод бүлгийн 100 айл өрхийг хангана. Ингэснээр төсөлд хамрагдсан өрх бүр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жилд 10-20 тонноор бууруулж, эрчим хүчний зардлаа 70 хүртэл хувиар хэмнэх, эрчим хүчний шугам сүлжээний ачааллыг багасгах, цэвэр эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал, зуршил, мэдлэг, хандлагатай шинэ дэвшилтэд технологийн талаарх мэдлэгтэй болох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон өрхийн хэрэглээтэй болох, дотоод болон гадаад орчны агаарын чанарыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.
ТӨСЛӨӨС ИРЭЭДҮЙД ГАРАХ АШИГ:
Төсөлд сонгогдсон өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй 50 айл өрх гэрээ дулаалж, сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар нүүрстөрөгчийн зах зээлийн арилжаагаар дамжуулан уур амьсгалын санхүүжилтийн механизмаас ашиг хүртэх боломжтой.
Төслийн ашиг хүртэгч эмэгтэйчүүд цэвэр эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулснаар уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал, зуршил, мэдлэг, хандлагатай болно.
Нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний зохицуулалтын тогтолцоог Байгаль орчин, аялал жуулчлалын яам боловсруулж, Монгол Улсад нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний шилжилтийн гол элементүүдийг манлайлан ажиллах болно.
Сэтгэгдэл ( 0 )