И Сун Гюүнийг хар тамхи хэрэглэсэн гэж мэдээлсэн этгээдийн тухай мэдээлэл хийжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 18

 

Талийгаач И Сун Гюүнийг хар тамхи хэрэглэсэн гэх мэдээллийг цэнгээний газрын менежер эмэгтэй биш хэрэгт холбогдсон жүжигчин эмэгтэй хэлсэн болох нь батлагджээ. 

Хуулийн байгууллагаас өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ний өдөр мэдээлснээр өнгөрсөн оны есдүгээр сарын 10-ний өдөр нэгэн шөнийн цэнгээний газрын ажилтны хуучин найз залуу найз бүсгүйгээ метамфетамин хэрэглэсэн хэмээн цагдаагийн газарт мэдээлсний дагуу мөрдөн байцаалтын ажил эхэлжээ. Уг хэрэгт И Сун Гюүн ямар нэгэн байдлаар холбоогүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. 

 

 

Үүнээс нэг сарын дараа буюу аравдугаар сарын 10-ний өдөр өмнө нь жүжигчнээр ажиллаж байсан эмэгтэй цагдаагийн газар ирж жүжигчин И Сун Гюүнийг байрных нь доод давхарт амьдардаг эмэгтэйн хамт хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа тухайгаа мэдэгдэн үсний дээж болон гар утасны бичлэг зэргийг нотлох баримт болгон өгсөн байна. Нэг байрны дээд, доод давхарт амьдардаг эдгээр эмэгтэйчүүд нь шоронд хоригдож байхдаа танилцаж байжээ. 

 

 

Дээд давхарт амьдардаг гэх эмэгтэй нь залилангийн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд хүүхдийнхээ хамтаар амьдардаг байсан аж. Харин доод давхарт амьдардаг байсан эмэгтэй зургаан удаа хар тамхины хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд жүжигчин И Сун Гюүнтэй дотно харилцаатай байжээ. Эмэгтэйчүүдийн харилцаа муудах тусам нэгэндээ өс санах болж эцэст нь дээд давхарт амьдардаг эмэгтэй И Сун Гюүн болон найзынхаа тухай цагдаад мэдүүлэн, мөнгө нэхжээ. 

Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг хар тамхины хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл мөрдөн байцаалтын явцад задарсан гэх мэдээлэл мөн худал бөгөөд уг мэдээлэл цацагдах үед И Сун Гюүн хэдийнэ хар тамхины хэрэгт яллагдагчаар татагдаад байжээ. 

Тус хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчлан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа бол хар тамхины хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байгаа аж. Хэргийн явцын талаар холбогдох байгууллагаас "Бид мөрдөн байцаалтын ажиллагааг аль болох хурдан явуулж байна. Бид хэрэг ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэх боломжгүй байна" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top