Хууль сахиулах ажиллагаанд хүний эрхийг дээдэлж ажиллахыг зөвлөлөө

2024 оны 01 сарын 19

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн гурван үе шаттайгаар “Асуудлаас шийдэлд” уриатайгаар бүсчилсэн хэлбэрээр 2024 оны нэгдүгээр сарын 17-ноос 19-ний хооронд зохион байгуулж байна.

Төв, орон нутгийн 400 гаруй удирдах ажилтнууд 2024 оны зорилго, зорилтоо тодорхойлж буй зөвлөлдөх уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр цагдаагийн байгууллага нь хүний эрхийг хамгаалах тогтолцооны үндсэн байгууллага гэдгийг онцлон тэмдэглээд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг олон үзүүлэлтээр харж болохоор байгааг дурдсан юм.

Хууль сахиулах салбарт хүний эрхийн хангах, хамгаалах чиглэлээр тулгарч буй сорилт бэрхшээл, иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн агуулгыг танилцуулж, Комиссын зүгээс баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Комисст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж байгаа нийт гомдол, мэдээллийн 8-10 орчим хувийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл эзэлж байна.

Мөн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр 19 зөвлөмж, шаардлагыг ЦЕГ болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна. Комиссоос 2024 онд хууль сахиулах ажиллагаанд дагаж мөрдөж буй хууль, журам болон Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн алба хаагч бэлтгэх бүх шатны сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үүднээс үнэлгээ хийж, сургалтад нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх цаашлаад хууль сахиулах ажиллагаанд дахь технологи ашиглалт, хувийн мэдээлэл хамгаалалын чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулахаар төлөвлөснийг танилцууллаа.

Түүнчлэн иргэдийн хүний эрхийн боловсрол болон аливаа мэдээллийг хуурамч мэдээллээс ялгах чадамж, мэдлэг дээшилсэн, нөгөөтэйгүүр цахим орчны хэрэглээг дагасан сэтгэцийн эрүүл мэнд, мансуурах бодистой холбоотой аливаа хандлагууд нь хууль сахиулагчаас хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг түлхүү шаардаж байгааг Комиссын гишүүн Б.Энхболд цохон тэмдэглээд дараах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм.

Тухайлбал,

 

  • Иргэд эрх, эрх чөлөөгөө эдлэхэд нь дэмжлэг үзүүлж, хамгаалах бодлоготой байгууллага байх
  • Үйл ажиллагаандаа хууль дээдлэх, ил тод, мэргэжлийн байх зарчмыг удирдлага болгох
  • Цагдаад итгэх олон нийтийн хандлагыг нэмэгдүүлэх
  • Ялгаварлан гадуурхалтаас ангид бодлого баримтлах (хүүхэд, эмэгтэй, ахмад настан, гадаадын иргэд) 
  • Мөрдөн шалгах ажиллагаа хүний эрхийг дээдэлсэн, шуурхай, богино хугацаанд явагддаг байх; (гэм буруугүй гэж харьцах, хүнлэг байх, нотолгоонд суурилах, эрх чөлөөг хязгаарлах)
  • Хохирогч, гэрч болон зорилтод бүлгийг дэмжих бодлоготой байх; (бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүн)
  • Хамгийн бага төвшинд, эцсийн арга хэмжээ болгож хүч хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх
  • Хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, шинэ тутам үүсэж буй сорилт, бэрхшээлд тохирсон хариу арга хэмжээ авч байх зэргийг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top