Монголд 4096 бөх барилдаж байсан түүх байхгүй. Гэвч ийм олон бөх яах аргагүй барилдах нь ээ. Өвөрмонголд хэдэн жилийн өмнө 2048 бөх барилдаж Геннисийн номонд бичигдэж байлаа. Тэгвэл ирэх 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 4096 бөх зодоглохоор боллоо. Энэ үеэр Лондон хотод байрладаг Геннисийн амжилтын хорооноос төлөөлөгчид ирж, барилдах бөхчүүдийг тоолон бүртгэх юм байна. Үнэхээр монголчууд 4096 бөх барилдуулчихвал Өвөрмонголын амжилтаас давж гаран Геннисийн номд мөнхрөх ажээ. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ арга хэмжээнд зарим нь итгэж ядан байгаа бололтой. Тус холбооныхон руу хүмүүс утасдан “Үнэхээр ийм хэмжээний бөх барилдах боломжтой юм уу” хэмээн асууж байгаа гэнэ. Харин Үндэсний бөхийн холбоо “4096 бөх барилдуулах болно. Бөхчүүд хүрэлцээтэй” гэж хариулж байна. Тиймээс ямартай ч Монгол бөхчүүд маань Геннисийн амжилт тогтооход ойрхон болжээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )