"Канвон-2024" олимпын дөрөв дахь өдөр эмэгтэй биатлончдын 6 км-ийн спринт уралдаан явагдаж өндөрлөлөө. Тус уралдаанд 37 Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны 98 тамирчин онч, хурдаа сориход Италийн К.Гаутеро 19:40.2 минутын амжилтаар итгэл төгс тэргүүлэв.
Тэрбээр буудлагадаа ганцхан сум алдсанаас гадна тэшилтдээ ч хурдан байсан тул арын өрсөлдөгчөө 35 секундээр илүүрхсэн юм.
Словенийн Э.Север (20:15.3), Украины П.Пуцко (20:54.1) нар хоёр, гуравт хурдалсан юм.Энэ зайд уралдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч-тамирчин Д.Нямсүрэн 28:11.1 минутын амжилтаар 77-р байрт бичигдэв.
Харин Хэнтий аймгийн харьяат тамирчин, УАШТ-ий 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальт, спортын мастер Х.Эрдэнэтунгалаг 28:16.4 минутаар 78-р байрт орлоо. Энэ гараанд уралдсан манай нөгөө тамирчин болох Орхон аймгийн харьяат О.Оюуцолмон 34:58.8 минут хурдлан 90-р байрт жагссан юм.
Сэтгэгдэл ( 0 )