ХЭҮК галд өртсөн орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авлаа

2024 оны 01 сарын 28

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна. 

Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 24-ны шөнө гарсан галын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд УОК, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох албаныхантай хамтарч шуурхай ажилласан юм.

Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны байгууллагын нэгдүгээр үүрэг. Иймээс Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлахтай холбоотой зардал болон оршин суугчдын түр хугацаанд байрлуулах түрээсийн байрны зардлыг Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. 

Түүнчлэн түймэрт өртсөн хоёр орон сууцны оршин суугчдыг Баянзүрх дүүрэг дэх хоёр зочид буудалд хуваан байрлуулсан бөгөөд түрээсийн байрны зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааг шийдвэрлэх асуудалд НЗДТГ-аас дэмжлэг үзүүлж байгаа аж.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгэний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар зэрэг холбогдох албан байгууллагаас бүрдсэн шуурхай штаб байгуулагдаж, зочид буудалд түр суурьшсан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Энэ хүрээнд СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 26 дугаар хорооны халамжийн ажилтан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ажилтнууд зочид буудалд байрлаж буй иргэдэд 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа бол тус дүүргийн цэцэрлэгийн багш нарын төлөөлөл хүүхдийн өрөө байгуулж, хариуцан ажиллуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Комиссын дарга Д.Сүнжид, Хяналт шалгалт хариуцсан ахлах рeфeрeнт Б.Мөнх-Эрдэнэ, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрноров нарын бүрэлдэхүүн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс Комиссоос дараах хүсэлтийг уламжилсан юм.

Үүнд:  

1. Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд Комисс хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх.

2. Орон сууц түрээслэх хөрөнгийг шийдэх процессыг тодорхой болгож мэдээлэл түгээх, төрөөс тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлөх тухай баталгааны хуудас, эсхүл баталгаажуулсан түр баримт бичиг олгох. 

3. Хөрөнгөний үнэлгээ хийлгэх зардлыг хохирогч нараас бус өөр байдлаар шийдвэрлэх талаар уламжлах.

4. Гал гарсан газрын ойр орчмын хотхон, байрны оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, химийн хортой бодисын дэгдэлт байгаа эсэх, хоруу чанарын талаар болон галд өртсөн байр, мөн доторх эд хөрөнгө, бусад зүйлсийг цаашид ашиглаж, хэрэглэж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах асуудлыг уламжлах.

5. Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх.

6. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тасалдаж буй амьжиргааны орлого дэмжих талаар холбогдох арга хэмжээг зохих байгууллагад уламжлах зэрэг хүсэлтийг илэрхийллээ.

Комиссын төлөөлөл иргэдийн дээрх хүсэлт, саналын дагуу Комиссоос хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top