Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт Сэлэнгэчүүд ээ,
Ардын хувьсгалын өлгий нутагт аж төрөн суугаа Сэлэнгэчүүд Та бүхэндээ аймаг байгуулагдсаных нь түүхт 80 жилийн ойн халуун дотно мэндчилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс хүргэе.
Сэлэнгэ аймгийн 80 жил Монголын түүхийн олон чухал үйл явдалтай давхцан тохиож буйд бэлэгшээж байна. Тиймээс Та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Сэлэнгэ нутгийн газар шороон дээр амьдарч ирсэн үе үеийн монголчууд маань эдгээр дүүрэн тэгш ойтой ямар нэгэн сэжмээр холбоотой байдаг билээ. Тиймээс энэ ойнуудыг утга учиртай, өргөн дэлгэр, өнөд дурсагдахаар бахдаж тэмдэглэх бүрэн эрх Та бүхэнд бий.
Монголын тулгар төрийн 2220 жилийн эх сурвалж болсон Хүннү өвгийн олон дурсгалыг хадгалсан Ноён уул Сэлэнгэ аймагт байдаг. Мянганы суут хүн эзэн Чингис хааныг Тэмүүжин нэртэй залуу хөвгүүн байхад өдгөө 805 жилийнх нь ойг тэмдэглэж буй Их Монгол Улсыг байгуулах тэмцлийн эх суурь энд л тавигдсан. Эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөөх Ардын хувьсгал энэ л нутгаас эхлэлтэйг Монгол түмэн мэднэ. Өнөөгийн Монгол орны хөгжлийн эх суурийг тавьсан энэхүү Ардын хувьсгалын 90 жилийн ойг орон даяар тэмдэглэж байна.
Их ойн билэг ерөөлтэй энэ жил улс оронд маань олон амжилт, бахархал дагуулж ирлээ. Эдийн засаг хөгжиж, уул уурхайн олон үйлдвэр эх сууриа тавьж, Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо.
Мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүллээ. Ойрын жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүлж, энэ онд бид 13 сая орчим төл бойжуулж авлаа. Газар тариалангийн салбарын шинэчлэлийн бодлогын үр дүнд улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангадаг боллоо. Гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдсэн. Хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар олон шинэ үйлдвэр баригдаж байна. Энэ бүх амжилт, ололтыг дагаж эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Эдгээр амжилт, ололтоо бататгаж, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүртээ хүргэж, ирэх он жилүүдийг их бүтээн байгуулалтын жил болгохоор Засгийн газар зорьж байна. Таван толгойн орд газрын хувьцаанаас иргэн бүртээ ижил тэгш хувьцааг үнэ төлбөргүй олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Өнгөрсөн зуунд хийсэн бүтээн байгуулалтаас илүү ихийг бид хийх ёстой. Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газар, Сайншандын аж үйлдвэрийн бүтээн байгуулалт үүний эхлэл суурь нь болж байна. Стратегийн орд газруудаа түшиглэж барилгын материалын, хими, гангийн, металлург, эрчим хүчний, нефтийн томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулна. Уул уурхайн орд газрын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлтэй холбох шинэ төмөр замынхаа эх суурийг энэ жил тавьж эхэлж байна. Мөн бүх аймгийг холбосон хатуу хучилттай замын сүлжээ барьж байгуулахаас гадна орон сууцны томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хамтарсан Засгийн газар бодитой ажлуудыг эхлүүллээ. Боловсролын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж байна. Ирэх хичээлийн жилээс танай аймагт олон улсын стандартад нийцсэн ерөнхий боловсролын лаборатори сургууль хичээллэж эхлэх ёстойг дуулгая. Их, дээд сургуулийн тоог цөөлж олон улсын стандартын дагуу кампус хэлбэрээр хөгжүүлэх бодлого тодорхой болж, эхний оюутны хотхон баригдах нөхцөл бүрдлээ.
Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах талаар ч олон ажил хийж байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотод эрүүл мэндийн томоохон байгууламжуудыг барьж байна. Тухайлбал Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, I амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг өргөтгөж байна. Мөн III амаржих газар, 300 ортой нийслэлийн Эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхлүүллээ. Олон улсын стандартад нийцсэн Үндэсний оношилгооны төв, хүүхдийн эмнэлгийг барихаар боллоо. Энэ мэтээр нүдэнд харагдаж, гарт баригдах олон ажлыг амжуулж хийж байна. Бид хариуцлагын тогтолцоог сайжруулж, шударга ёсыг нийгмийн салбар бүрт тогтоох, гэр бүлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зэргээр оюун санаа, ёс суртахууны хүрээнд ч тодорхой өөрчлөлтүүдийг хийж байна. Энэ бүхний үр шимийг ард иргэд маань хүртэж, улс орон эрчимтэй хөгжих боломж нөхцөлөөр хангагдана. Тиймээс бид ирэх жилүүдийг их бүтээн байгуулалтынх байх болно гэж тодотгон зарлаж байгаа. Энэхүү их бүтээн байгуулалтыг Сэлэнгэ нутгийн ард иргэд Та бүхэн манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.
Эрхэм хүндэт Сэлэнгэчүүд ээ,
Их ойн зочид төлөөлөгчид өө,
Монгол орны олон гол мөрний ай сав, байгаль цаг уурын тааламжтай нөхцөл бүрдсэн Сэлэнгэ нутгийн иргэд Атрын I, II, III аяныг үе удмаараа түүчээлэн, үйлс бүтээлээрээ манлайлан хэрэгжүүлсэн бахдам гавъяатай билээ. Сэлэнгийн тариаланчид өнгөрсөн жил 171,6 мянган тонн үр тариа, 42,7 мянган тонн төмс 30,2 мянган тонн хүнсний ногоо, 1689 тн тэжээлийн ургамал хураан авч, 203,0 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн амжилтаараа улсдаа манлайлсан.
Сэлэнгэчүүд Та бүхэн жил бүр улсын хэмжээний үр тарианы 60.0 орчим хувь, төмсний 30.0 хувь, хүнсний ногооны 40.0 гаруй хувийг үйлдвэрлэж, үр тарианы үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлэх боллоо. Үр тарианы үйлдвэрлэлээс гадна алт, цемент, шохой, мод боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудыг амжилттай хөгжүүллээ. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлж Сэлэнгэ үүлдрийн үхэр, Орхон, Хангай, Ерөө үүлдрийн хонь, Орхон, Дархан сортын буудай, “Монгол алим” бий болгож улсдаа анх удаа жимс, жимсгэний болон балт зөгийн аж ахуйг үүсгэн байгуулсан бахархалт түүх Та бүхэнд бий. . Сэлэнгэчүүд Та бүхэн мал аж ахуйгаа эрчимжүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар санаачилга зүтгэлтэй ажилласны үр дүнд 1 малаас ашигласан хонины ноос улсын дунджаас 156 грамм, сүү 160 литр, үхрийн амьдын жин 38 кг-аар илүү байна.
Сэлэнгэ аймаг бусдад үлгэр жишээ болж ирсэн төдийгүй төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, баг, суманд нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлын амжилт, бүтээлээрээ улсын хэмжээнд сүүлийн 5 жил дараалан хошуучилсан. Тиймээс 2009, 2010 оны ажлаар улсад тэргүүлж “Монгол Улсын шилдэг аймгаар 2 удаа, тус аймгийн Мандал сум 2011 онд төвийн бүс дэх Монгол Улсын шилдэг сумаар тус тус шалгарсанд дахин баяр хүргэе.
Атар газрыг эзэмших, ард түмнээ эрүүл, экологийн цэвэр хүнсээр хангах, эх орныхоо газар тариалангийн салбараа эрчимтэй хөгжүүлэх их үйлсийн ололт, амжилтаа төр, засгаараа үнэлүүлж хоёр удаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, мөн Д.Сүхбаатарын одонт Монгол Улсын анхны аймаг болсныг 80 жилийн ойн энэ өдөр бахархан дурсаж байна. Энэ бол Монголын төр, ард түмэн Сэлэнгэчүүдээр бахархаж бас та бүхэндээ өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар, хүндлэл өгч байгаагийн тод илрэл юм. Тиймээс амжилт бүтээлийг, шагнал үнэлэмжийг дагаж ард түмнийхээ, улс орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлага улам нэмэгдсэнийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
Атар газрыг эзэмших их үйлсийн гарааг эхэлсэн илгээлтийн эздүүд энэ нутагт анхны шангаа татаж, ажил амьдралаа дэвжээж, улс орноо хөгжүүлж ирсэн. Энэхүү бахдам үйлсийн эздийн дотроос Богд хаант Монгол Улсын анхны баатар Д.Дуваа, Ялгуунбаатар Сумъяа бээс, Улсын баатар Д.Дэмбэрэл, Улсын Бага хурлын анхны дарга, партизан Г.Бумцэнд, Гадаад яамны болон Хөдөө аж ахуйн яамны сайд Н.Лхамсүрэн, Соёлын яамны сайд Ж.Сосорбарам, Тээврийн яамны сайд С.Ёндонсүрэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Л.Цэнд, Эрүүл мэндийн сайд Б.Дэмбэрэл, Ням-Осор, П.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Л.Нямсамбуу, Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Чулуунбат тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтэн, Билгүүн номч, их эрдэмтэн Б.Ринчин, соён гэгээрүүлэгч Наваанюндэн, Төрийн хошой шагналт зохиолч Д.Сэнгээ, Ардын багш, гавъяат жүжигчин Д.Жамъянжав, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавъяат тамирчин Д.Оюунболд, Улсын арслан Данзан зэрэг урлаг, утга зохиол, спортын нэртэй төлөөлөгчид төрөн гарсныг Монгол түмэн мэддэг билээ. Сэлэнгэ нутаг эрхий мэргэн харваачид, эрэмгий хурдан хүлгээрээ ч бас алдартай.
Энэ жилийн олон ой давхацсан билэгтэй сайхан наадамд танай нутгийн хүү Г.Эрхэмбаяр одтой сайхан барилдаж, олон түмнээ цэнгүүлж, Улсын арслан цол хүртсэнд баяр хүргэж, амжилт хүсье.
Өнгөрсөн намар Сэлэнгэчүүд Та бүхэнтэй нүүр тулан уулзаж сум, орон нутгаа хөгжүүлэхээр төлөвлөсөн болон хийж бүтээж байгаа ажлуудтай танилцсан. Энэ үеэр Сэлэнгэчүүдийн санал хүсэлтийн дагуу аймгийн төвд усан бассейн барих, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг шинэчлэх, Ерөө сумын Бугант тосгоны халаалтын алдагдлыг төсөвт тусгах, Хушаат сумын Орхон гол дээр төмөр бетон гүүр барих, Сүхбаатар сумын цэвэр ус, ариутгах татуургын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд шинэчлэлт хийх, Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй-газар тариалангийн загвар бүс нутаг” болгох, “Сэлэнгийн долгио” чуулгын барилгад их засвар хийх, газар тариалангийн бүтээгдэхүүн борлуулах бирж, сүлжээ байгуулах асуудлыг шийдвэрлэж зохих хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгасан. Мөн ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгаас төрсөн ардын журамт цэрэг, партизануудын хүндэтгэлийн цогцолбор бий болгох, Ардын хувьсгалын удирдагч, Ардын намыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар жанжны хөшөөг шинэчлэх, төв цэнгэлдэх хүрээлэнгээ шинээр барихыг зорьсон Сэлэнгэчүүдийн санаачилга, бүтээлч ажлуудыг Засгийн газар дэмжиж санхүүжилтийг шийдвэрлэсэн. Эдгээр асуудлуудыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Цаашид Сэлэнгэ нутгийнхан их бүтээн байгуулалтыг манлайлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх загвараа сайжруулж бусад аймагт арга туршлагаасаа зааж өвлүүлэн газар тариалангийнхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургацаа нэмэгдүүлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, Монгол Улсын хөдөө аж ахуйн загвар бүс нутаг болохыг хүсэе.
Хамаг Монголыг тэтгэсэн буян хишиг ихтэй нутагтаа үе удмаараа аз жаргалтай байж, сэтгэлээ шингээж ургуулсан алтан шаргал тарианыхаа өгөөжөөр амьдралаа тэтгэж явахыг ерөөе.
Газрын шим тэтгэж, тариан түрүү сугсарч Сэлэнгэ нутаг хөгжин цэцэглэх болтугай.
Та бүхэн тавтай сайхан наадаарай.
2011.07.21. Сэлэнгэ аймаг
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )