Өмнөд Солонгосын бейсболын тамирчин Жон Сү Гын эхнэрээ гольфийн цохиураар цохьсон хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагджээ. 47 настай Жон өнгөрсөн бямба гарийн өглөөний 05:00 цагийн орчимд Намьяанжу дахь гэртээ эхнэрийнхээ дух руу гольфийн цохиураар цохиж гэмтээжээ. Хэрэг үйлдэх үедээ тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд эхнэр нь цагдаа дуудан, баривчлуулжээ.
Цагдаа нар түүнийг баривчлан хоёр удаагийн байцаалт авчээ. Тэрээр хэрэг үйлдсэн болохоо үгүйсгэсээр байсан тухай цагдаа нар мэдээлсэн бөгөөд түүний эхнэр зохих шийтгэлийг нь оногдуулахыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Гэсэн ч удалгүй хохирогч шийдвэрээ өөрчилж нөхрөө суллуулах хүсэлт тавьжээ.
Албаны хүмүүс энэхүү хүсэлтийг үл харгалзан хүндрүүлсэн нөхцөлтэй хүчирхийлэл үйлдсэн хэрэгт тамирчин Жон Сү Гыныг буруутган яллагдагчаар татжээ. Тус улсад хүндрүүлсэн нөхцөлтэй хүчирхийллийн хэргийг энгийн хүчирхийллийн хэргээс салгаж авч үздэг бөгөөд хохирогчийн хүслээс үл хамааран яллагдагчид ял оноодог байна.
Сэтгэгдэл ( 0 )