А.Отгонболдыг Монголоос ОХУ-д суугаа ЭСЯ-ныхан хүлээн авав

2024 оны 01 сарын 31

“Оросын дуурийн олон улсын уралдаан” наадмын анхны ялагч, дуурийн дуучин А.Отгонболдыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ныхан хүлээн авч, талархал илэрхийлжээ.

А.Отгонболд Улаанбаатар Театрт гоцлол дуучнаар ажиллаж эхлээд байгаа билээ. Тэрбээр “Оросын дуурийн олон улсын уралдаан” наадмын гурван шатны турш олон улсын шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч, Оросын дуурийн найруулагч, удирдаач нарын анхаарлын төвд байсаар байжээ.

Уралдааны дөрөвдүгээр байрын шагналын эзнээр мөн Монгол Улсын дуучин Х.Бямбарагчаа шалгарсан бол УДБЭТ-ийн гоцлол дуучид болох Т.Чулуунчимэг, н.Бүүвэйбаатар, Монгол Улсын Консерваторын төгсөх дамжааны оюутан Б.Мөрөн нар тавдугаар байрын финалистаар нэрлэгджээ.

Тэргүүн байрын шагналт А.Отгонболд Оросын нийгмийн гол арга хэмжээний нэг болох Оны шилдэг дипломатч, Шилдэг бизнесмен, Шилдэг улстөрчийг тодруулдаг “Рождественский Бал” ёслолын арга хэмжээн дээр Пётр Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрийг бүтээн эгшиглүүлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн 2023 онд болсон олон улсын дуурийн бүх уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яя(202.72.245.121) 2024 оны 01 сарын 31

₮элчин мань энэ цагт Орос сурч буй оюутнуудаа анхаарч байгаарай

0  |  0
Top