“Хаврын баяр”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 02 сарын 05

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойн “Хаврын баяр” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр (2024.02.04) Улаанбаатар хотын "Скай Резорт" цанын баазад боллоо.

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Монгол Улсыэ Байгаль орчин, аялал жуучлалын яам, Монгол Улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНХАУ-ын Наньжин хотын Соёл, аялал жуучлалын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн цогц арга хэмжээний нэг байж, баялаг агуулгатай зохиогдож байна. 

Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миниьжюань, Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батчимэг, Улаанбаатар хотын Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн нар оролцов.

"Хаврын баяр" арга хэмжээг нээж Шэнь Миньжюань хатагтай үг хэлэхдээ "Хятад, Монгол хоёр ард түмэн бүгд хаврын баяр, цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Хятад улсад хөх луу жил, Монгол улсад модон луу жил болж буй бөгөөд хаврын баяр болон цагаан сар нэг өдөр тохиож байна. Монголд ирсэн анхны жилд маань хоёр баяр нэг өдөр болж буй нь ихэд бэлгэтэй сайхан санагдаж байна. Энэ жил БНХАУ байгуулагдсан 75 жилийн ой, Монгол улсын сонгуулийн жил, мөн Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Бид найрамдалт харилцаагаа илүү гүнзгийрүүлж, харилцан бие биенээ дэмжиж, хамтаар хөгжиж ёстой" гэлээ. 

Нээлтийн баярт зориулсан Хятадын Наньжин хотын дуу бүжгийн чуулгын хүндэтгэлийн тоглолт "Хүн" театрт боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top