АЛДАРТНУУД | Жүжигчин Тилда Свингтон: Би зүгээр л цаг нөхцөөх гэж жүжиглэдэг

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 08

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Жүжигчдийн түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг лхагва гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Жүжигчдийн түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид жүжигчин Тилда Свинтоныг онцоллоо.


Английн нэрт жүжигчин Тилда Свинтон буюу Катерин Матилда Свинтон нь 1960 оны арван нэгдүгээр сарын тавны өдөр Их Британи улсын Лондон хотноо төржээ. Шотланд гаралтай бөгөөд түүний жүжигчиний карьерийг хэлбэрт баригддаггүй, бусдаас тэс ондоо дүрүүдийг сонгон авдагаар нь мэргэжилтнүүд шагшин магтдаг билээ. Түүний аав нь Шотландын томоохон генералуудын нэг байсан бөгөөд хатан хааны цайзад ажилладаг байсан гэдэг. Кэмбриджийн их сургуулийг 1983 онд  нийгэм, улс төр судлаач болон Уран зохиолын хөтөлбөрөөр баклаврийн зэрэгтэй төгссөн боловч тэрээр “Би уг нь зохиолч болох гэж их сургуульд орсон боловч, хичээлийнхээ анхны өдрөөс л зохиолч болох хүсэл маань унтарсан” хэмээж байсан гэдэг. 

Тэрээр оюутан байхдаа сургуулийнхаа жүжгийн дугуйлангийн хүмүүстэй уулзан жүжиглэх урлагт сонирхон орсноор жүжигчин болох замнал нь эхэлсэн гэж үздэг. Гэвч тэрээр жүжигчний ажлаа хэзээ ч чухлаар хүлээн авч байгаагүй ба “Би зүгээр л цаг нөхцөөх гэж жүжиглэдэг, уг нь надад хийх ёстой зөндөө юм байна л даа. Даанч жүжиглэсээр байгаад баахан хугацаа алдчихлаа” хэмээн хошигнож байжээ.

 

 

1985 оноос кино урлагт хөл тависан тэрээр өмнө нь Эдинбүргийн драмын театрт хэд хэдэн жүжигт тоглосон байна. Свинтон найруулагч Дерек Жармэнтэй маш олон кинон дээр хамтран ажилласан байдаг. Угаасаа анхных нь дүрийг өгсөн хүн Дерек Жармэн байсан юм чинь арга ч үгүй биз. Түүний хамгийн анхны кино нь 1986 онд гарсан Караважжио хэмээн уран бүтээл байсан юм. 1994 онд найруулагч Дерек Жармэн нас барсан нь түүнд хүндээр нөлөөлж хэдэн жил кино урлагаас завсарлага авсан байдаг.

 

 

Тилдаг олны танил болгосон дүр нь 1992 онд гарч байсан Орландо киноны гол дүр байсан юм. Уг кино нь дөрвөн зуун жилийн турш эрэгтэй, эмэгтэй болон хувирдаг нэгэн хүний тухай өгүүлэх ба Свинтон эр, эм дүрд хоёуланд нь тоглосноороо олны анхаарлыг татаж улмаар Холливүүдийнхний хараанд өртсөн юм. Свинтон Нарниагийн домог кино төсөлд цагаан шулмын дүрд тоглосноор Холливүүдэд өөрийн байр суурийг эзлэн авсан билээ.  Түүний хувьд ямар ч дүрд хувирч чаддаг ба нэг жанрын кинондоо тоглох дуртай ихэнхи жүжигчидээс ялгарч чадаж байлаа.  Тэрээр Оскарын эмэгтэй туслах дүрийн шагналыг 2007 онд гарч байсан “Майкл Клэйтон” киноны хуульч бүсгүйн дүрээрээ авч байжээ.

 

 

Оскарын шагнал гардуулах ёслолд явахаасаа өмнө Тилда бүх зурвас, цахим шуудангаа үзэж устгахыг нь устгаж цэвэрлэсэн байсан боловч. Шагнал хожсоных нь дараа бараг 1200 гаруй хүн түүн рүү баяр хүргэсэн зурвас, цахим шуудан илгээсэн байсныг хараад “өө ядаргаа” гэж бодсон хэмээн хэнэггүйхэн хэлж байсан удаатай.

Бараг 30 жил жүжигчнээр ажиллахдаа тэрээр нийт 70 гаруй уран бүтээлд туслах болон гол дүр бүтээсэн бөгөөд өдгөө 15 сая ам.долларын хөрөнгэтэй болжээ. Долларын саятнуудын эгнээнд ийнхүү бичигдэх болсон тэрээр одоо  хүртэл өөрийн өсөж торнисон Шотландын өндөр уулсын дэргэдэх Найрн хэмээх газраа нам гүмхэн амьдралыг эрхэмлэн аж төрөх болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.139.35) 2024 оны 02 сарын 12

Ene hun gaihaltai Juichigchin shuu\n

0  |  0
Top