АЛДАРТНУУД | “The Lord Of the Rings” киноны найруулагч Петер Жексон

2024 оны 02 сарын 15

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Найруулагчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Өглөөний сонин онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг мягмар гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Найруулагчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид найруулагч Петер Роберт Жексонийг онцоллоо. 


Алдарт найруулагч Петер Роберт Жексон нь 1961 оны аравдугаар сарын 31-нд Шинэ Зеландад улсад мэндэлжээ. Түүнийг үзэгчид “The Lord Of the Rings” цувралыг найруулснаар нь андахгүй сайн мэдэх билээ.

Хүүхэд насандаа Петер кино үзэх их дуртай хүүхэд байсан ба төрсөн өдрөөр нь түүнд найман миллиметрийн камер өгснөөр найзуудтайгаа цуг богино хэмжээний кино хийж эхэлсэн гэдэг. Багаасаа л "Кинг Конг" кинонд дуртай байсан тэрээр тоглоомнуудаа ашиглан уг киног дахин бүтээхийг оролдож байсан удаатай.

Хэдийгээр тэр кино урлагийн талаар мэргэжлийн түвшинд суралцаж байгаагүй ч өөрийн хийсэн бүтээлүүдээс гарсан алдаа оноон дээрээ тулгуурлан эвлүүлэг болон тусгай эффектүүдийг хийж сурсан байна. Ингээд арван зургаан насандаа сонирхолдоо хөтлөгдөн ахлах сургуулиасаа гаран The Evening Post гэх сонинд зураг угаагчаар ажилд орж, дараагийн долоон жилийн турш энэхүү газраа ажилласан ба цалингаа цуглуулан кино хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд авч байжээ. Ийнхүү өөрөө кино хийж эхэлсэн тэрээр хамгийн анхны уран бүтээл болох “Bad Taste” хэмээх киногоо үзэгчдийн хүртээл болгож байжээ.

 

 

1987 оны тавдугаар сард түүний анхны уран бүтээл Каннын кино наадамд нэр дэвшиж байжээ. Энэ үеэр алдарт найруулагч маань кино зохиол бичиж эхэлсэн ба “A Nightmare from Elm Street” киноны дараагийн ангийг бичиж байсан юм. Гэвч энэхүү кино зохиол нь хэзээ ч кино болж, олны хүртээл болж байгаагүй ажээ. Харин түүний үзэгчдэд хүрсэн дараагийн уран бүтээл 1989 онд үзэгчдийн хүртээл болсон “Meet the Feebles” хэмээх кино юм.

1994 онд гарсан “Heavenly Creatures”  хэмээх уран бүтээл нь түүний амьдралд чамгүй өөрчлөлт авчирсан. 1950-иад оны үед өсвөр насны хоёр охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд уг киноноос сэдэвлэн бүтээсэн “Heavenly Creatures” киноныхоо тухай тэрээр “Энэхүү аймшигт явдал багагүй шуугиан тарьсан учраас надад кино хийхээс өөр сонголт байгаагүй мэт санагдсан” хэмээж байсан удаатай.

 

 

Удалгүй Холливудэд ирж “The Frighteners” киног найруулсан ч хангалттай ашиг орлого олж чадсангүй. 1997 онд продюсер Саул Заентзтай уулзсаныхаа дараа тэрээр Толкиены “The Lord Of the Rings” зохиолыг кино болгох эрхийг авсан байна. Анхандаа "Бөгжний эзэн" киног Мирамакс студитэй хамтран хоёр ангитайгаар хийх гэж байсан ч сүүлдээ бүр ганц ангитай кино болгож базахыг шаардаж байсан гэдэг. Гэвч эцэст нь Нью Лайн стуидийнхан гурван ангитай кино болгож хийх санал тавьснаар уг киног гурван ангит буюу трилоги хувилбраар хийх гэрээ байгуулж байжээ. Кино зураг авалт 1999 оны 10-р сарын нэгнээс 2000 оны 12-р сарын 22-ыг хүртэл хийгджээ. Ингээд бидний сайн мэдэх “Бөгжний эзэн” киноны эхний анги амжилт олж найруулагч Петерийн нэр хүнд дэлхий дахинд тархжээ. “The Lord Of the Rings” киноны гуравдугаар анги нь шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн нийт 11 төрөлдөө бүгдэд нь ялалт байгуулсан байдаг.

Ийнхүү авьяас чадвараа дэлхий дахинаа батлан харуулсан түүнд Юниверсал студи “King Kong” киноны шинэчилсэн хувилбарыг бүтээл санал тавьж, уг кино дэлхий даяар нийт 562 сая ам.долларын ашиг орлого олж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top