Н.Номтойбаяр намтай эргэж ирсэн нь буюу том сөрөг хүчний суурь болох эвсэл

2024 оны 02 сарын 19

УИХ-ын 2024 оны сонгуулийг угтсан нэгэн гол дуулиан бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын намтай болж эргэн ирсэн явдал байлаа. Шинэ он гармагц тэрбээр их улс төрд буцан ирж буйгаа тун ч өвөрмөцөөр илэрхийлсэн. Улсын Дээд шүүхэд МАН, АН-ын дараа гуравдугаарт бичигддэг 1990 оны тавдугаар сарын 26-нд байгуулагдсан ууган намуудын нэг болох Монголын ногоон нам/МНН/-ыг Н.Номтойбаяр “өөрийн” болгох нь хэмээх сураг 2023 оны зунаас сонсогдож энэ оны нэгдүгээр сарын 18-нд тус намын ээлжит бус хурлаар бодит хэрэг болсноор үйл явдал өрнөж эхэлсэн.

Ийнхүү Номтойбаярын намтай эргэн ирсэн түүх эхлэв. Тун удалгүй МҮАН-ын үүсгэн байгуулагч Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай “гар барьж” төдий л хүлээлгэлгүй нэгдүгээр сарын 30-нд “Үндэсний эвсэл” гэсэн энэ удаагийн сонгуулийн эхний эвсэл төрөв. Тэргүүн нь Н.Номтойбаяр болов. Төрмөгцөө л улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсийн төлөө “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг улс төрийн намуудад уриалсан.

Аль ч талаараа энэ эвсэл томоохон сөрөг хүчний суурь болж мэднэ. Хэдийгээр “гомдогсод цугларсан” гэх хочийг МАН, АН-ын талын голдуу улстөрчдийн зүгээс тэдэнд наагаад буй ч дотроо бол зүрхэнд нь шар ус хураад эхэлсэн сураг дуулдаад эхэлсэн. Н.Номтойбаяр өөрөө долоо шархадсан шазруун, шаргуу, хашир улстөрч. Тэрбээр өдгөө 45 настай, ид ир бяр нь тэгширсэн үедээ явна.

М.Энхсайхан бол сонгуулийн стратегийг маш сайн хийж улс төрийн шатрын хөлөг дээр амжилттай нааддаг, улстөрчийн хувьд ч бууриа амархан тавьж өгөхгүй нэгэн. Н.Номтойбаярыг том улс төрд эргэн ирсэнд олон хүн баяр хүргэж буй нь сүүлийн өдрүүдэд харагдаж байна. МАН-ын доторх зөрчлөөс үүдэн 2020 онд түүний МАН-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн бол өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж их улс төрийг орхин явсан шийртэй эр. УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн үхэлд буруутгагдсан хэдий ч хэн ч нотолж чадаагүй нь тухайн үеийн улстөрчдийн Н.Номтойбаярыг замаасаа зайлуулах гэсэн нэгэн арга төдий байсан хэрэг биз ээ.

Улс төрийн хүрээнийхэн түүнийг ийнхүү адлаж байсан ч жирийн иргэд, сонгогчид түүнд итгэдгийн нэг илэрхийлэл нь 2020 оны УИХ-ын сонгууль байв. Н.Номтойбаярын Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэрийг тухайн тойргийн 31041 иргэн дэмжиж гарын үсэг зурсан юм. Гэтэл СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэчихээд удалгүй барьж хорив. Нөгөө хүний амь бусниулсан гэдэг ноцтой сэжиг таамгаар бус, ердөө л "Албан тушаалдаа хайнга хандсан" гэсэн үндэслэлээр Н.Номтойбаярт нэг жил хорих ял оноосныг биеэр эдэлсэн. Монгол Улсын Хүний эрхийн комисс болон Amnesty International байгууллага Н.Номтойбаярыг "Улс төрийн хоригдол" гэж тайландаа тусгасан байдаг.

Тэгвэл “Нүүрсний”, “Хөгжлийн банкны”, “ЖДҮ-ийн” гэх хэрэгт унасан гишүүдээс тэгж бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаад, бүр хорих ялыг биеэр эдэлсэн хүн бий бил үү. Авсан идсэн нь тодорхой атал аль болох суудлаасаа буухгүйг хичээн амь наана там цаана албан тушаалтайгаа зууралддаг биз дээ. Н.Номтойбаярыг тэгж баригдаж явсны “ачаар” ХҮН-ын Т.Доржханд Хан-Уул дүүрэгт гурваар давхиж, 24449 хүний саналаар УИХ-ын гишүүн болсон юмдаг. Н.Номтойбаярт итгэж гарын үсэг зурсан 31041 иргэн, Т.Доржхандад санал өгсөн 24449 сонгогчийн хооронд ялгаа их байгаа биз. Эндээс харахад Н.Номтойбаяр 2020 оны сонгуульд хэр давхих байсан нь тодорхой. Сонгогдох байсан атлаа сонгогдоогүй сонгуулиас хойш тэрбээр зүгээр суусангүй, Кембрижийн их сургууль, Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрийг дүүргэн тархиа цэнэглээд авч. Тэгээд л том улстөрчийн энгээр их улс төрийн хаалгаар зангарагтай орж ирж байгаа нь энэ.

Эвслийн уриа нь ч далайцтай харагдана. Эвсэл байгуулах хурал дээрээ тэрбээр “Монгол Улс асаж, унтрахын зааг дээр байгаа цучил мэт байна. Үүнд хэт цахиур цохивоос "Монгол" гэсэн гал асна. Ирж буй модон луу жил монголчуудын хувьд “Үндэстнээрээ баяжъя” гэх нэгэн зорилго дор эвийг нэгтгэж, хөгжлийг бадраасан, хүчирхэг Монголоо сэргээн цогцлоосон жил байх болтугай. “Үндэсний эвсэл” нь Улс төрийг "эрүүлжүүлэх” үйлсэд улс төрийн намуудыг бидэнтэй эвсэж, хүчээ нэгтгэхийг уриалж байна” гэсэн нь хий хоосон тулга тойрсон сүржин үгс хэлхсэн жижиг намуудаас хамаагүй илүү сонсогдож буй.

“Үндэсний эвсэл" нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя гэх их үйлсэд иргэд, мэргэд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлүүдийг хамтран ажиллахыг урив. Угаасаа бизнес эрхлэхийн жаргал зовлон, сайн мууг биеэрээ мэдэх “МАК”-ийн хүү тэрбээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар сул үг дэмий асгахгүй биз.

Тэдний дэвшүүлсэн үзэл баримтлал, алсын хараа, үнэт зүйлс, зорилго, зорилт нь ч тодорхой аж. “Үндэсний эвсэл” нь “үндэсний ардчилсан” үзэл баримтлалтай байх бөгөөд “эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх” зарчмыг барих ажээ. Тамга, туг, нэр, дарга төдийгөөс цааш зүйлгүй үзэл баримтлал, зорилго, зорилт нь ч битүүлэг улс төрийн жижиг наманцруудаас үүгээрээ өөр харагдаж байгаа юм.

“Үндэсний эвсэл” нь хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан, автоматжуулалт зэрэг технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулахыг эрмэлзэнэ. “Үндэсний эвсэл” нь гадаадад байгаа монголчуудтайгаа эргэх холбоог үүсгэж, монгол угсаатны хүрээлэлд нөхөрлөл болон эдийн засгийн хамтын ажиллагаагаар хүчирхэгжсэн, дэлхийд үнэлэгдэж, хүндлэгдсэн Монголчууд байхын төлөө манлайлна” хэмээн эрхэм зорилгоо тодорхойлжээ.

Өнөөгийн Монголын нийгмийн байдлыг тодорхойлохдоо “Эрх мэдэл иргэдэд биш, улс төрийн намын удирдах бүлэглэлд төвлөрсөн. Монголын хууль хүний царай хардаг. Төр төмөр нүүрээ үзүүлдэг “Ул”-ны тодотголтой доод нэгэн давхаргатай, төрийн нэрээр дургидаг “Улс төр”-ийн гэгдэх дээд нэгэн давхаргатай болсон байна. “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй" тул “Үндэсний эвсэл” “овоог” нь ул мөргүй устгаж авлига, хулгайтай тэмцэнэ” гэжээ.

Улс төр судлаач Б.Болдбаатар “Үндэсний эвсэл” сонгуулийн дараа нам болж, жинхэнэ утгаараа Монголын улс төрийн гуравдагч хүчин болох магадлалтай хэмээн тодотгосон харагдана.

Сар шинийн өдрүүдэд улстөрчид болоод УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчид Улсын аварга малчдын шагнал гардуулахад бараа болж, одон медаль тарааж, өглөгчийн дүрд тоглож, айл хэсэж, энд тэнд бүлэг фракцаараа золголт хийж гишүүд, дэмжигчдээ “идэвхжүүлэн” тойргоо усалж явахад “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр аргагүй том улстөрчийн бяд зааж, ХБНГУ, Ирландад ажиллан эвслийнхээ уриалгыг ажил хэрэг болгох гэж явна.

Тэрбээр хоёрдугаар сарын 12-нд буюу шинийн гурванд ХБНГУ-ын “Drees & Sommer” компанийн төвд зочилж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Монгол залуусыг ч Германд сургах чиглэлээр яриа хөөрөө хийсэн байна. Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Drees & Sommer” нь 50 гаруй жилийн түүхтэй, Германы Штутгарт хотод төвтэй компани ажээ.

Тус компанийнхан Лондонд “BBC” агентлагийн төв оффис, Италид Ламборгини үзэсгэлэнгийн танхим, Шанхайд Пудон музей, Утрехт хотын орон сууцны дүүрэг зэрэг олон орны 60 орчим байршилд хот, барилга төлөвлөлт, инженерийн бүтээн байгуулалт хийж гүйцэтгэжээ. Бас эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, инновац шингээсэн хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн төлөвлөлтийн төслүүд хэрэгжүүлдгээрээ олон улсад танигдсан газар гэнэ.

“Үндэсний эвсэл”, “Drees & Sommer”-ын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан хотыг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан аймгийн төвүүдийг шинээр төлөвлөх, евро-стандартаар гүйцэтгэлийг хэрэгжүүлэх зэрэг шийдлийг хамтран боловсруулахаар болжээ. Ойрын үед “Drees & Sommer” компанийн инженерүүд Улаанбаатарт ирж агаарын бохирдол, нийтийн тээвэр, гэр хорооллын байдалтай танилцаж, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг нийслэлд тулгамдсан асуудлуудын шийдэл дээр монгол мэргэжилтнүүдийн хамт ажиллахаар болжээ. Бүсчилсэн хөгжил гэдэг үнэн хэрэг дээрээ ингэж ойр тойрноо татан хөгжүүлэх хотуудыг шинэчлэн хүчжүүлэхэд л тулгуурлах учиртай л даа. Тэрнээс биш хэдэн аймаг нийлүүлж зурж сонгуульдаад бүсээр хөгжинө гэвэл үлгэр.

Шинийн дөрвөнд  буюу хоёрдугаар сарын 13-нд “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Бүгд найрамдах Ирланд улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хөдөө аж ахуй, барилга, бусад салбарт хэрэгжүүлж байгаа ажлын туршлагаас судалжээ.

Ирландын Бизнес, үйлдвэрлэлийн сайд Саймон Ковени, Үйлдвэрлэл, худалдаа, хөдөлмөр эрхлэлтийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Деклан Хьюз нартай уулзаж, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр тус улсын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, туршлагатай танилцжээ. Ирландын парламентын гишүүдтэй ч уулзаад амжиж.  Н.Номтойбаярын гадаад айлчлал ганзага дүүрэн үргэлжилж яваа юм байна.

Ийнхүү эвсэл байгуулмагц уриа дэвшүүлж, амласан амлалтуудаа шууд хэрэгжүүлэх ажилдаа шуударчээ. Энэ бүгдээс харахад л “Үндэсний эвсэл” хэр зангарагтай, тууштай ажиллах нь ажиглагдаж эхэлж байгаа юм. Сайн сөрөг хүчин болно гэдгийг ч энэ бүхэнд тулгуурлан хэлж болохоор байна.

Гэтэл сөрөг хүчин байх учиртай АН хэд хуваагдаад эв зүйгээ олохгүй суусаар сонгуультай золгох нь тодорхой боллоо. Сар шинээр гэхэд л Х.Баттулгатай, Л.Гантөмөртэй гээд энд тэнд хэд хуваагдан золгож харагдсан. Одоо сөрөг хүчний суурь болж, гурав дахь хүчний орон зайг улс төрд оруулж ирэх түүчээ нь “Үндэсний эвсэл” байх нь бараг тодорхой болж байх шиг. Энэ эрчээрээ явбал ирэх УИХ-д гарцаагүй бүлэг үүсгэж сүүлийн хэдэн жил үгүйлэгдсэн улс төрийн сөрөг хүчний орон зайг хангалттай дүүргэнэ гэдэг цаг хугацааны л асуудал болж үлдэж байх бололтой.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 02 сарын 21

Nemegdehyynii bairlaliig soliohod niilber ni adil gedeg bolj baih shiv.Udamin aluurchin toniilchin .Mongolchuudiig teneg gej bodson uym baih daa.Mongoliin tur zaaval hen negen tonuulchid bailgah iostoi uym uu.Mongolchuudaa byy hoshgor.Hatuu temtsej eh oron Etsen Chingesiin Delhiin omog bardam Mongoloo tonuulchidaas avaya.

0  |  1
Зочин(66.181.178.169) 2024 оны 02 сарын 21

Номтойбаяр ямар ч гэсэн данх толгойтоос дээр байх аа, данх толгойт маань одоо женкогийн суганы үс болоод түүнийг хамгаалах ажлыг л хийж байх шиг

1  |  1
Kk(76.138.253.21) 2024 оны 02 сарын 20

MAK гэж эрлэгдоржийн ивээлд багтаж хэн ч халдаж чадахгүй даам гарсан компани даа

1  |  1
Зочин(202.126.90.107) 2024 оны 02 сарын 19

МОНГОЛЫН МИНЬ МУНДАГ ЗАЛУУС УЛС ТӨРД ОРЖ ХЭДХЭЭН ХҮНТЭЙ ЖИЖИГХЭЭН МОНГОЛОО ДЭЛХИЙДГ. ГАЙХАГДААР БАЯН ТАНСАГ ОРОН БОЛГООРОЙ

0  |  2
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 19

Энэ номгүйбаярт иргэд итгэх л юм байхдаа нөгөө 2нөхөр нь намын банзал гээчүүд байна номгүйбаяр толгойндоо биш мөнгөндөө найдсан байх цагаан суварга эргүүлээд эх орондоо өгчих тэгвэл карерь чинь өснө

2  |  1
zochin(49.105.83.122) 2024 оны 02 сарын 19

Номтойбаяр minee zugeer l huviin biznes ee hiigeed yavbal yasii ymar ih erh medeld durtai yum be ⁉️ ardtumen nii zovlongoor togloj jargal hiihee bolchvol yasii shorond orson hun bidend hereg bna u ⁉️ uriigu hundelj uz ⁉️ erh medel shunald hizgaar bgaa

2  |  1
Алуурчин Номт(103.212.118.71) 2024 оны 02 сарын 19

ГОРЬДЧИХСОН ГУРВАН ЛУЙВАРЧИН

0  |  1
Зочин(66.181.177.55) 2024 оны 02 сарын 19

Эрлийз хурлийзуудыг УИХ дэвшүүлэхгүй байх заалт журам дүрэмдээ заавал тусгасан байдлыг ард түмэн харгалзаж үзээрэй Эрлийз хурлийзуудыг төрийн өндөрлөгт хүргэж өгөөд байгаа нь намууд шүү

0  |  1
Зочин(66.181.184.159) 2024 оны 02 сарын 19

Нам байгуулаад л луйварчдад зараад байх чинь харин аятайхан бизнес юм биш үү!!!!\nАН-ын саналаас урах гол зорилготой нам гэсэн шүү

1  |  0
зочин(103.57.95.144) 2024 оны 02 сарын 19

номтойбаярыг дэмжинэ одоо улс төрд давхих цаг нь ирсэн мэдээж залуу хүнд алдаа оноо байсан байж болно гэхдээ одоо хэрсүүжиж ухаарсан боловсролтой идэж уух гээд гүйгээд байхгүй дээ Энхсайхан бол сайн улс төрч харин бусад хүмүүсийг мэдэхгүй дээ

1  |  2
Эрдэнэ(202.179.15.130) 2024 оны 02 сарын 19

үхсэнии хашир хаха аав нь чиглүүлээд л байхад далдаганаж байнга асуудалд хутгалдана мөнгөөр\n замаа засуулна

0  |  0
Top