"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Найруулагчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Өглөөний сонин онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг мягмар гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Найруулагчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид найруулагч Андрей Арсеньевич Тарковскийг онцоллоо.
Кино урлагийн түүхийн нэгэн том хуудас Зөвлөлт Холбоот Улсын нэрт найруулагч, зохиолч Андрей Арсеньевич Тарковский нь Зөвлөлтийн кино урлагийн ертөнц дэх жинхэнэ амьд домог ROCK STAR нь билээ. Дэлхийн кино урлагт оруулсан түүний хувь нэмрийг үгээр хэлж, үзгээр бичишгүй их. Түүний бүтээсэн “Иваново детство”, “Солярис”, “Жертвоприношение” “Сталкер” зэрэг кинонууд нь өнөөг хүртэл Европын кино урлагийн сонгодог бүтээл хэвээр байсаар байна. Учир нь тус бүтээлүүдийн дотор Тарковскийн зүрх сэтгэл одоо ч мөнх настай амьдарч байгаа хэрэг шүү дээ.
Уран бүтээлч нь гашуудаж байхад ч урлаг ямагт өөдрөг хэвээр оршдог...
Тарковский бол дэлхийн өнцөг булан бүрт нэр алдараа цуурайтуулж чадсан кино салбарын цөөхөн хэдэн сор уран бүтээлчдийн нэг, их гурвалын оройг эзэгнэгч яахын аргаггүй мөн билээ. Түүний кинонууд олон арван хэл дээр орчуулагдан гарсан байдаг ч бид Тарковский гэх хувь хүнийх нь талаар хэр их зүйллийг мэддэг вэ? Түүний кино урлагт хөл тавьсан замнал нь хэр дардан байв? Зөвлөлтийн болон дэлхийн кино урлагт оруулсан түүний хувь нэмэрийг жинлэж үзвэл хэдий хэрийн жин дарах бол? Гэх мэт энгийн хэдэн асуултанд хариулт олохыг хамтдаа хичээцгээе.
АНДРЕЙ ТАРКОВСКИЙН БАГА ЗАЛУУ НАС
Андрей Тарковский нь Иваново мужийн Юрьевец хотоос холгүй орших Завражье гэх жижигхэн тосгонд төржээ. Түүний аав Арсений Тарковский Зөвлөлтийн алдартай яруу найрагч байсан бол ээж Мария Юрьевна нь хэвлэх үйлдвэрийн хянагч ажилтан байжээ. Ирээдүйн алдарт найруулагчийн аав Андрейг гурван настай байхад гэр бүлээ орхин явж Андрей тарчигхан амьдралыг туулжээ.
Дан модон байшинд байнга хүйтэн шөнүүдийг үдэж, олсон мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй тэр цаг үе хэцүү байсан. Аав байхгүй. Амьдрал бүхий л утгаараа ер бусын хэцүү байлаа. Гэхдээ би амьдралаас олон зүйлийг ойлгож авсан. Бүх сайхан зүйлийн төлөө би ээждээ өртэй” хэмээн алдарт найруулагч дурсан ярьсан байдаг.
Дайн эхэлж, Тарковскийнхийг Юрьевец хот руу нүүлгэн шилжүүлсэн юм. Ээж Мария Юрьевна нь өглөө бүр гүехэн мөстэй голыг гатлан ойролцоох тосгоноос багахан төмс авахаар явдаг байжээ. Гэхдээ Тарковскийн гэр бүл хөдөөгийн жижиг хотод удаан амьдраагүй юм. Удалгүй түүний ээж Москвагийн анхны загварын хэвлэх үйлдвэрт ажилд орж, гэр бүлээрээ ЗСБНХУ-ын нийслэл хотод шилжин ирж Тэнд Андрей Тарковский дунд сургуульд элсэн оржээ.
Тэрээр бага байхдаа жижиг хотынхоо хөгжмийн сургуульд төгөлдөр хуур тоглож суран 14 настайгаасаа эхэлж зургийн дугуйланд явжээ. 1951 онд Андрей Тарковский Москва хотын Дорно дахины судлалын дээд сургууль дахь “арабын” факультетэд элсэн орсон юм. Гэвч жилийн дараа мэргэжилдээ яаран сонголт хийснээ ухааран сургуулиа орхижээ. 1952 онд Тарковский сургуулийнхаа геологийн салбарт орж Курейка гол дээр ажиллахаар явсан байна. Тайгад өнгөрүүлсэн нэг жил Андрей Арсеньевичийн өөрийнх нь ярьснаар амьдралынх нь хамгийн сайхан үе байсан хэмээн дурсжээ. Тайгад өөртэйгөө илүү ойр байснаар Тарковский найруулагч болох шийдвэртээ эргэж буцалтгүйгээр итгэлтэй болсон байна.
Хүн бүр багаасаа ганцаараа байхыг сурах ёстой юм шиг надад санагддаг. Энэ нь ганцаараа байна гэсэн үг биш л дээ. Өөрөөсөө уйдахгүй гэсэн санаа юм. Ганцаардлаас уйдсан хүнд ёс суртахууны үүднээс аюул тулгардаг.
Дайн гэгч зүйл Андрейн амьдралд ямар чухал байр суурьтай зүйл байсан бэ?
Түүний аав фронтод сайн дураар алба хаахаар явж, хүнд шархдаж, ээж нь ч бас дайнд дайчлагдаж, охин дүүтэйгээ хамт эцэг эхийн халамжгүйгээр цөөнгүй жилүүдийг өнгөрүүлсэн бөгөөд дайнаас үүдэлтэйгээр гэр бүлийнх нь бат бэх байдал ч ганхаж байжээ. Дайн дуусах үед Андрей 13 настай байсан ба түүний хүүхэд насанд дайн ямар толбо үлдээсэн тухай тэрээр амьд ахуйдаа нэг биш удаа ярьж, "Иваны хүүхэд нас"-аас гадна алдарт "Толь" кинондоо ч энэ талаар шигтгэж өгсөн байдаг.
АНДРЕЙ ТАРКОВСКИЙН КАРЬЕР
1954 онд Тарковский Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургууль (ВГИК)-д элсэн орж, найруулагч хүнд байх ёстой бүх нарийн ур чадварыг эзэмшжээ. Оюутан байх үеэсээ л эхэлж Андрей Арсеньевич хэд хэдэн богино хэмжээний кино хийж, алдартай кино шүүмжлэгч нарын анхаарлыг татсан юм. Гэхдээ тэрээр жинхэнэ кино дебютээ 1962 онд Зөвлөлт холбоот улсын дэлгэцнээ гарсан “Иваново детство” киногоор эхэлж байжээ. Тус бүтээл Тарковскийд найруулагчийнх нь хувьд анхны амжилтыг авчирч, кино урлагийн олон шагналыг хүртсэн юм. Тэр дундаа Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналыг гардан авчээ. Энэхүү амжилт нь Тарковскийг агшин зуур алдрын тавцанд хүргэж, хэд хэдэн шинэ бүтээлээ хийж эхлэхэд хүчтэй түлхэц болж өгсөн байна. 1964 оны намар тэрээр Кончаловскийн хамт “Страсти по Андрею” гэх бүтээлээ хийж эхлүүлсэн юм. Тус бүтээл нь 1966 онд “Андрей Рублев” гэх шинэ нэртэйгээр дэлгэцнээ гарсан байна. Энэхүү шинэ бүтээлийнх нь амжилт Тарковскийг тухайн үеийн хамгийн алдартай найруулагчдын зэрэглэлд эцэслэн оруулсан юм.
1967-1979 онд найруулагч маань дахин хэд хэдэн алдартай киногоо бүтээжээ. Тус бүтээлүүдээс хамгийн алдартайг дурдвал “Солярис”, “Толь”, “Сталкер” гэх бүтээлүүд эргэлзэх зүйлгүйгээр сонгогдох юм. Тэрээр мөн кино найруулахаас гадна театрын болон радио жүжгүүд олонтаа найруулж байжээ.
АНДРЕЙ ТАРКОВСКИЙН СҮҮЛИЙН БҮТЭЭЛ
1980-аад оны эхээр Тарковский Европыг зорих нь ихэсч, 1982 онд Италид зохиолч Тонино Гуэрратай хамтран “Дурсамж” бүтээлээ хийжээ. Удалгүй Италид дахин нэг уран бүтээл болох “Время путешествий” киногоо дэлгэцнээ гаргажээ \олны хүртээл болгожээ\ . 1983 онд Тарковский Лондонд очиж, алдарт “Ковент-Гарден” театрын тайзнаа “Борис Годунов” дуурийг амьлуулсан байна. Дуурийн нээлтийн дараа удалгүй шууд дараагийн аялалдаа гаран тэрээр Стокхолмд очсон юм. Түүний сүүлчийн кино болох “Жертвоприношение”-г 1984 онд Швед улсад хийж эхлүүлжээ. Тухайн оныхоо долоодугаар сард Миланд богино хугацаагаар очихдоо нэгэн хэвлэлийн хурал дээр тэрээр ЗХУ-руу буцаж очихыг хүсэхгүй байгаа тухайгаа хэлсэн байна. Тарковский 1985 оны намар Швед улсад үйл явдал нь өрнөх “Жертвоприношение” киногоо дуусгажээ. Энэхүү бүтээл нь Каннийн кино наадмаас Гран-при, Их Британийн кино академийн шагнал зэрэг бусад олон шагналыг хүртсэн билээ. Гэвч алдарт найруулагч эдгээр шагналын дийлэнхийг нь харж чадаагүй юм. 1985 оны сүүлээр тэрээр хорт хавдартай гэдгээ мэдэж Парисыг зорин удаан хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн байна. Гэвч хими эмчилгээ амжилтгүй болж, 1986 оны арванхоёрдугаар сарын 29-нд таалал төгсжээ.
АНДРЕЙ ТАРКОВСКИЙН ХУВИЙН АМЬДРАЛ
Тарковский Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургууль (ВГИК)-ийн оюутан байхдаа Ирма Рауш гэх бүсгүйтэй танилцсан байна. Ирма Рауш Тарковскийн анхны эхнэр болсон юм. Найруулагчийн өөрийнх нь ярьснаар Ирма түүнийг үргэлж ойлгож, дэмждэг байсан анхны эмэгтэй гэжээ. Тэрээр Андрей Тарковскийн хоёр кинонд дүр бүтээж, хэд хэдэн шагнал ч авч байсан юм. Тэд Арсений гэх хүүтэй ба 1970 онд хамтын амьдралаа дуусгажээ. Найруулагчийн найз нөхдийнх нь ярьснаар тэрээр “Андрей Рублев” кинонд нь тоглосон Лариса Кизилова гэх залуу бүсгүйтэй учир ургуулснаар салалтын шалтгаан болсон байна.
Андрей, Лариса нарын харилцаа маш сонин байжээ. Бүсгүй амьдралынхаа туршид Тарковскийг “та” гэж дуудаж, түүнд ухаангүй хайртай байжээ. Алдарт найруулагч нас барсны дараа Лариса мөн нас барсан байна.
Сэтгэгдэл ( 0 )