АЛДАРТНУУД | Британийн бүлгийн тэргүүн, жүжигчин Гэри Олдман

2024 оны 02 сарын 23

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Жүжигчдийн түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг лхагва гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Жүжигчдийн түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид жүжигчин Гэри Олдманыг онцоллоо.


Гэри Леонард Олдман нь 1958 оны гуравдугаар сарын 21-нд Англи улсад төржээ. Рояал Шекспир Компанийн гишүүн асан тэрээр 1979 онд тайзны анхны дүрээ бүтээж байсан бол 1980-аад оны дундаас эхлэн кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдаршиж, түүнээс хойш Британийн шилдэг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах болсон билээ.

Гэри Олдман 1958 онд Лондон хотноо далайчин байж байгаад гагнуурчин болсон Леонард Бэртрам Олдманы гэрт мэндэлжээ. Эцэг нь архины хамааралтай нэгэн байсан бөгөөд Олдманыг 7 настайд нь гэр бүлээ орхин явсан тухай тэрээр дурсан ярьсан байдаг. Олдман зүүн өмнөд Лондонгийн Хөвгүүдийн сургуульд элсэн суралцаж байгаад 16 насандаа спортын дэлгүүрт ажиллахын тулд сургуулиа орхиж байжээ. 

Хүүхэд ахуйдаа төгөлдөр хуур сайн тоглодог, чамгүй сайн дуулдаг байсан ч жүжиглэхийг илүүд үзсэн түүнд 1970 онд дэлгэцнээ гарсан "The Raging Moon" киноны жүжигчин Малколм МакДовелийн жүжиглэлт хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрээр “Малколмын жүжиглэлт намайг шууд л татсан. Би ч гэсэн жүжиглэмээр байна гэж тухайн үед өөртөө хэлж билээ” хэмээн 1995 онд Чарли Рөүзд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдаж байсан аж. 

 

 

1970-аад оны дундуур Олдман Грийнвич дэх Залуусын Театрт суралцаж эхэлсэн юм. Энэ үедээ барилга дээр угсралтын дамжлага дээр, театрийн харуулаар ажиллаж, гутал зарж, мал нядалгааны газар гахайн толгой цавчих зэрэг хэдэн ажлыг зэрэг хийдэг байв. 1979 онд сургуулиа төгсөөд Кэнт дэх Рөүз Бруфордын Драмын Коллежид суралцах тэтгэлэг авч чадсан юм. Рөүз Бруфордод элсэхээсээ өмнө Хааны нэрэмжит Драмын Урлагийн Академид шалгалт өгсөн ч тэнцэж чадаагүй байна. Шалгалтын комиссынхон түүнийг дараа жил дахин оролцоорой гэсэн ч үнэндээ түүнийг өөр ажил олж хийхийг зөвлөсөн байдаг.

Театрийн тайзнаа тэрээр анхны дүрээ 1979 онд "Dick Whittington and His Cat" жүжигт бүтээсэн. Энэхүү жүжиг нь Нью Йоркийн Хааны Театрт тоглогдож, дараа нь Колчэстэр, Глазговын театрт тус тус тавигдсан юм. 1980-аад онд Глазговын театрын үзэгчдийн хувьд Олдманы эрч хүчтэй тоглолт гайхшрал төрүүлж байсан гэдэг. 

 

 

1980-1981 онд тэрбээр "The Massacre at Paris", "Desperado Corner", "Chinchilla", "A Waste Of Time" зэрэг тайзны жүжгүүдэд тоглосон юм. 1982 онд бүтэн зургаан сарын турш "Summit Conference" жүжигт дүр бүтээжээ. Тэр жилдээ буюу 1982 ондоо Олдман анхны кино дүрээ бүтээсэн нь найруулагч Колин Грэггийн "Remembrance" кино байлаа. Дараа жил нь "Meantime" киноны гол дүр болох мулзан толгойт Майк Лэйд тоглож, "Entertaining Mr.Sloane" киноны гол дүрд тоглохоор Чэстэрфийлд рүү нүүжээ. Эдгээр киноны дараа "Saved" киноны Эдвард Бондын дүрд тоглож дэлхий дахинд өөрийгөө батлан харуулсан юм. 

Түүний "The Pope’s Wedding" жүжгийг үзээд найруулагч Алекс Кокс 1986 онд бүтээсэн "Sid and Nancy" киноны гол дүрд Олдманыг тоглуулахыг хүссэн байна. Дараа жил нь Олдман гурав дахь гол дүрээ "Prick Up Your Ears" кинонд Жой Ортоны дүрийг бүтээж, BAFTA-гийн Шилдэг жүжигчин төрөлд нэр дэвшиж чадсан юм. Мөн тэр жилдээ "The Country Wife", "Serious Money" зэрэг тайзны жүжгүүдэд тоглосон билээ. "Sid and Nancy", "Prick Up Your Ears" киноны дүрүүд нь Олдманд алдар хүндийг авчирч, тэрээр Холливүүдэд хөл тавьжээ. 

 

 

Америкийн нэрт кино шүүмжлэгч Рожэр Эбэрт түүний дээрхи кинонуудад бүтээсэн дүрийг нь үзээд “Британийн шилдэг залуу жүжигчин” хэмээн бичиж байв. Түүний бүтээсэн Сид Вишисийн дүрийг олон хүн магтаж байсны дотор "Sex Pistols" хамтлагийн дуучин асан Жон Лайдон байв. Тэр Олдманыг “гайхалтай жүжигчин” хэмээн нэрлэсэн байдаг юм. Энэхүү дүрээ бүтээхийн тулд Олдман нэлээд хэмжээний жин хассан бөгөөд биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдэж байсан хүндхэн түүх бий. Уг дүр Premiere сэтгүүлээс гаргадаг “Бүх үеийн шилдэг 100 дүр”-ийн 62 дугаарт, Uncut сэтгүүлийн “Рок-н-роллын шилдэг 10 дүр”-ийн 8 дугаарт бичигдсэн алдартай дүр болж чадсан юм. 1990-ээд оны эхэн үед тэрээр "Criminal Law" кинонд анх удаагаа өөрийн нутгийн аялгаар бус Америк аялгаар тогложээ. Үүнээс хойш Америк аялгаар "The Firm", "Rosencrantz & Guildenstern Are Dead", "State of Grace" кинонуудад тоглосон юм.

Америкийн өөр нэгэн алдартай кино шүүмжлэгч Жанэт Маслин түүний бүтээсэн дүрүүдийг “ер бусын” хэмээн тодотгож байв. 1988 онд тэр Алан Бэйтстэй хамт "We Think the World of You", 1989 онд Дэннис Хоппэр болон Фрэнсис МакДормандтай хамт "Chattahoochee" кинонд тоглож байжээ. Мөн 1989 онд тоглосон "The Firm" киноны хулигаан Клайв Бисселийн дүрийг Total Film-ээс Олдманы бүтээсэн шилдэг дүр хэмээн дүгнэсэн байдаг.

 

 

Тэрээр 1990-ээд оны эхээр Америк руу бүр мөсөн нүүж тэндээ амьдрах болжээ. 1980-аад онд Холливүүдийн жүжигчин болсон Олдман болон Британийн залуу жүжигчид болох Тим Рот, Брюс Пэйн, Колин Фөүрд Даниэл Дей-Люис, Пол МаГанн нарыг “Британийн бүлэг” хэмээн хочлох болсон бөгөөд Олдманыг тэдний тэргүүн гэж хэвлэлийнхэн онцлох болсон байна. 

Жүжигчин Гэри Олдман эсрэг талын дүрүүдийг чадварлаг бүтээдгээрээ алдартай. Үүнийг түүний тоглосон "True Romance", "Leon", "The Fifth Element", "Harry Potter" цувралын Сириус Блейк, найруулагч Кристофер Ноланы Бэтмэний тухай цувралын Жэймс Гордоны дүрүүдээс харж болно. Тэрээр бүрэн хэмжээний кино уран бүтээлүүдээс гадна "Knots Landing", "Friends" зэрэг цувралуудад дүр бүтээж байсныг үзэгчид андахгүй сайн мэдэх биз ээ. 

Ийнхүү жүжигчнээр ажиллахын сацуу тэрээр өөрийн хүүхэд насны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Nil By Mouth" хэмээх 1997 онд үзэгчдийн хүртээл болсон киноныхоо зохиолыг бичиж, найруулсан бөгөөд хэд хэдэн кинонд продюсерээр ажиллажээ. Түүнд BAFTA-гийн хоёр, Saturn Award-ын хоёр шагнал бий. Мөн Оскар, Грэмми, Screen Actors Guild, Independent Spirit Awards зэрэг олон нэр хүндтэй шагналуудад нэр дэвшиж байсан нэгэн билээ. 

 

 

Түүний бүтээсэн "Leon" киноны Норман Стансфийлдийн дүрийг орчин үеийн кино урлагийн шилдэг эсрэг дүрийн нэгд тооцдог. 2011 онд Олдманыг Импайер сэтгүүлийн уншигчид “Кино урлагийн шүтээн” хэмээн өргөмжилж байсан удаатай. 

"Friends" цувралаас хойш 2004 оныг хүртэл Олдман том дүрүүдэд тийм ч их тоглоогүй билээ. 2002 онд цацагдсан "Interstate 60" болон 2003 онд дэлгэцнээ гарсан "Tiptoes" болон "Sin" кинонууд үзэгч, шүүмжлэгчдээс тааруу үнэлгээ авсан бүтээлүүд болсон юм.

Ийнхүү түүний уналтын үе эхлэв. "The Guardian" сэтгүүл энэ үеийг Олдманы “уналтын үе” хэмээн нэрийдэж байв. 2004 онд Олдманы карьер сэргэж томоохон дүр бүтээсэн нь Харри Поттер цувралын Сириус Блейкын дүр байв. Зураг авалтын үеэр Олдман гол дүрийн жүжигчин Даниэл Рэдклифтэй тун дотно нөхөрлөж байсан гэдэг. Дараа жил нь найруулагч Кристофер Ноланы бүтээсэн трилоги буюу гурван ангит кино төсөл болох "Batman Begins", "The Dark Knight", "The Dark Knight Rises" киноны Жэймс Гордоны дүрд тоглосон билээ. Олдман 2009 онд шинэчлэн бүтээсэн "A Christmas Carol" кинонд Жим Кэрритэй хамтран тоглохдоо нэгэн зэрэг гурван дүр бүтээсэн байдаг. 

 

 

Мөн Дэвид Гоиэрийн "The Unborn" гэх триллэр төрлийн кинонд тоглож 2010 онд Оскарын шагналт жүжигчин Дэнзэл Вашингтоны хамт "The Book of Eli" кинонд, болон Катерин Хардвикийн "Red Riding Hood" зэрэг кинонд тус тус дүр бүтээж, "Kung Fu Panda 2" хүүхэлдэйн киноны Лорд Шэнд дуу оруулжээ. 

Олдман 2011 онд гарсан "Tinker, Tailor, Soldier, Spy" киноны Жорж Смайлэйгийн дүрээрээ BAFTA болон академийн шагналын Шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшиж байсан билээ. Сиэрра Энтэртайнмэнтийн бүтээсэн "The Legend of Spyro" тоглоомонд Игнитусын дүрд, "Call of Duty: World at War" болон "Call of Duty: Black Ops" зэрэг тоглоомуудад Британийн эрдэмтэн Даниэл Кларкт дуу оруулж байжээ.

Олдман дөрвөн удаа гэрлэж байсан ба анхны эхнэр жүжигчин Лэйсли Мэнвиллтэй 1987 онд гэрлэж хоёр жилийн дараа том хүү Алфи нь мэндэлжээ. Гэвч үүнээс ердөө гуравхан сарын дараа эхнэр хүүхдээ орхих сонголт хийсэн байна. Үүний дараа "State of Grace" кинонд тоглож байхдаа жүжигчин Ума Турмантай танилцаж 1990 онд гэрлэсэн ч мөн л хоёр жилийн дараа хоёр тийш болжээ. Дараа нь тэрээр Италийн жүжигчин ,загвар өмсөгч Изабэлла Розэллинитэй дотно харилцаатай болж, 1994 оны долдугаар сард сүй тавьсан ч хоёр жилийн дараа тус тусын замыг хөөв.  1997-оос 2001 оны хооронд тэрээр Дониа Фиорэн хэмээх бүсгүйтэй гэрлэж Гулливэр Флин, Чарли Жон хэмээх хоёр хүүтэй болжээ. 2008 оны 12 сарын 31-нд Олдман Английн жааз дуучин Александра Эдэнбурутай Калифорни мужийн Санта Барбара хотод гэрлэжээ. Хосууд өдгөө Лос Анжелес хотод амьдардаг байна. 

 

 

1990-ээд оны үед архинд гүн орсон тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаад баригдан архинаас гаргах эмчилгээнд явж байжээ. Өдгөө тэрээр өөрийгөө архинаас бүрэн гарсан хэмээн ярьдаг байна.  

Түүний хөрөнгийн байдлыг сонирхуулбал жүжигчин 40 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Бэтмэн кинонд тоглож байхдаа гурван сая долларын цалин авдаг байжээ. 1997 онд Лос Анжелесийн Холливүүдэд хотод бараг 400 метр квадрат байшин авч байсан ба үүнийгээ 2002 онд 2.2 сая ам.доллараар зарсан юм. Үүний дараагаар хэсэг түрээсийн байшинд амьдарч байсан ба 2011 дахин нэг байшин Лос Анжелес хотын Лос Фелизд хоёр 2.9 сая ам.доллараар худалдан авсан юм. Уг байшингаа 2018 онд 5 сая доллараар Элвисийн дүрээр алдарт гарсан Остин Батлер болон тухайн үед үерхэж байсан найз бүсгүй Ванесса Хадженс нарт худалдаалсан байдаг. 

Хамгийн сүүлд алдарт жүжигчин маань "Барби" кинотой зэрэгцэн нээлтээ  хийсэн "Оппенхаймер" кинонд ерөнхийлөгч Трүмэний дүрийг бүтээсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top