Карьераа орхихоор шийдсэн И Дун Үгийг сайн найз нь аварчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

 

Жүжигчин И Дун Үг нэг хэсэг жүжигчнээр ажиллахаа болих хүртэл сэтгэл санаагаар унаж байсан тухайгаа хуваалжээ. 

Бүсгүйчүүдийн хүсэмжит залуу гэгддэг тэрээр 2018 онд эмнэлгийн ажилтнуудын тухай өгүүлэх "Life" хэмээх кинонд дүр бүтээснийхээ дараа үзэгчдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Уг кино үзэгчдээс төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүй бөгөөд үүнээс үүдэн И Дун Үг өөртөө ихэд урам хугарсан гэдэг. 

Энэ тухайгаа тэрээр "Би энэхүү олон ангит кинонд дүрээ муу бүтээсэндээ сэтгэл дундуур байсан л даа. Энэхүү кино цахим ертөнцөөр шүүмжлүүлж, энэ бүх сөрөг зүйлс над руу чиглэж байгаа мэт л санагдсан. Тухайн кино муу үнэлгээтэй байгаа нь надтай холбоотой юм шиг санагдаж, үүнд өөрийгөө буруутган, өөртөө гомдсон. Жүжиглэхээ больж, өөр улсад очиж амьдрах тухай хүртэл бодож байлаа. Бусдаас өөрийгөө тусгаарлаж, зөвхөн дасгал хийхэд л анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Гэсэн ч энэ нь надад тийм ч сайн нөлөө үзүүлээгүй л дээ. Тухайн үед жүжигчин Гун Юү над руу байнга залгаж гадуур хамт гарахыг санал болгодог болсон. Нэг удаа гарч түүнтэй хамт архи уусан юм л даа. Тэр надаас юу ч асуулгүй энгийн харилцан яриа л өрнүүлсэн. Цаашид ойр ойр уулзаж сэтгэлээ хуваалцдаг болж, би ч мөн кино урлагтаа эргэн ирэх хангалттай шалтгаан олж авсан" гэжээ. 

Эцэст нь И Дун Үг кино урлагт эргэн ирж 2019 онд "Touch Your Heart" хэмээх кинонд дүр бүтээж, тус цуврал Оны шилдэг цувралаар шалгарсан. Үүнээс хойш "Tale of the Nine Tailed", "Strangers From Hell", "A Shop for Killers" зэрэг шилдэг цувралуудад дүр бүтээсэн түүнийг кинондоо тоглуулахын тулд кино багийнхан хэдэн жилээр хүлээх шаардлагатай болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top