Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдийн мессежийг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

 

Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэрэгт холбогдон шалгагдаж буй жүжигчин бүсгүйг нийт 5 төрлийн хэрэгт буруутган шүүхээр болжээ. 

29 настай сэжигтэн бүсгүй бүртгэлгүй SIM карт ашиглан талийгаач И Сун Гюүн болон түүний уулздаг байсан бүсгүйг шантаажилсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. 

Сэжигтэн жүжигчин И Сун Гюүнийг дотнын найз эгчтэй нь уулздаг болохыг мэдснийхээ дараа компанийн нэр дээрх утас болон бүртгэлгүй SIM карт ашиглан хакерийн дүрд хувиран, телеграммаар дамжуулан тэднийг заналхийлж эхэлсэн байна. 

Түүний бичсэн мессежүүдийг цагдаагийн байгууллага ил болгожээ. Сэжигтэн өнгөрсөн оны есдүгээр сарын 14-нд И Сун Гюүний уулздаг бүсгүй рүү "Чиний утсан дахь зургийн цомогт олны танил хүмүүсийн зураг ч олон байна шүү. Үүнийг олон нийтэд дэлгэвэл улс орон ч сүйдэх нь ээ" хэмээсэн бол маргааш нь "Удахгүй цагдаад мэдэгдэнэ. Эсвэл би И Сун Гюүний зургийг олон нийтийн сүлжээнд дэлгэж, шуугиан тарина" хэмээн сүрдүүлсэн байна. 

 

 

Тухайн үед дээрх мессежийг хүлээн авсан бүсгүй уг этгээдийг танил дүү нь болохыг огт төсөөлөөгүй тухайгаа мөрдөн байцаалтын явцад дурджээ. Жинхэнэ хакер гар утсан дээрх мэдээллүүдийг нь нийтэд дэлгэх гэж байна гэж бодсон бүсгүйд удалгүй "Лхагва гариг гэхэд 100 сая вон хий. Удаад байвал 10, 10 саяар нэмэгдэх болно шүү. Хэлснийг минь хийхгүй бол гэр бүлийнхэнд нь мэдэгдэнэ" гэх мессеж илгээжээ. 

Дээрх мессежийг авсан бүсгүй И Сун Гюүнээс хакерийн амыг таглах нэрийдлээр 300.000 сая вон нэхэмжилсэн байна. Улмаар талийгаач И Сун Гюүн есдүгээр сарын 22-ий өдөр яаралтай бэлдсэн 300.000 сая воныг уулздаг бүсгүйдээ өгчээ. Гэсэн ч харамсалтай нь түүний уулздаг бүсгүй өөрийгөө хакер хэмээн нэрлэсэн этгээдэд 100.000 сая воныг нь өгөхөөс татгалзан, уг мөнгийг хувьдаа завшжээ. 

 

 

Үүнээс үүдэн хакер хэмээн өөрийгөө нэрлэсэн этгээд талийгаач И Сун Гюүнийг дарамталж эхэлжээ. Тэрээр И Сун Гюүний уулздаг бүсгүйг хар тамхи хэрэглэсэн тухай цагдаагийн байгууллагад мэдээлнэ хэмээгээд 50 сая вон авсан байна. 

Өөрийгөө хакер хэмээн мэдэгдсэн этгээдийг прокурорын зүгээс үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, шантааж хийхийг завдсан, шантаажилсан, хулгайн гэмт хэргийг дэмжсэн, харилцаа холбооны тухай хууль зөрчсөн зэрэг нийт 5 хэрэгт яллагдагчаар татсан бол И Сун Гюүний уулздаг байсан эмэгтэйг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, бусдыг шантаажилсан хэрэгт буруутган яллагдагчаар татжээ.

Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 14-ний өдөр Инчон хотын дүүргийн шүүхэд болно. Уг шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 29-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч солигдсон гэх шалтгаанаар ийнхүү хойшлогджээ. 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top