Aespa хамтлагийн Карина шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүсэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ний өдөр Aespa хамтлагийн гишүүн Карина шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүсэж байгаагаа илэрхийлсэн утга бүхий гар бичвэрийг өөрийн инстаграм хуудаснаа нийтэлжээ. 

Түүний үерхлийн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Үүнээс үүдэн урам нь хугарсан тухайгаа илэрхийлсэн шүтэн бишрэгчид нь олон нийтийн сүлжээнд төдийгүй энтертайнментийнх нь байранд ирж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Шүтэн бишрэгчдээ тайвшруулж, уран бүтээлдээ анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн тэрээр захидалдаа "Сайн байцгаана уу. Юуны өмнө та бүхнийгээ гэнэтийн мэдээгээр цочирдуулсандаа уучлалт хүсэж байна. Та бүхний ихэнх нь энэхүү явдалд гайхах байх гэж бодсон учраас болгоомжилж байсан учраас ийнхүү хожимдлоо. 

Шүтэн бишрэгчдийн маань урам хугарч, хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээ эргэн дурсах төдийд хэчнээн их гунигтай байсныг би сайн ойлгож байна. Би өөрөө ч ийм мэдрэмжийг мэдэрч байсан учраас сайн ойлгож байна. Эдгээр мэдрэмжүүд минь та бүхэнд хүрэх болов уу гэж найдан энэхүү захидлаа бичиж байна. Намайг дебют хийснээс хойш хамгийн халуун дулаанаар хандаж байсан шүтэн бишрэгчдээ гомдоох вий хэмээн айсандаа санаа зовинон шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйхыг хүслээ. 

Хамтлагийн фенүүдийнхээ гомдсон гомдлыг эдгээхийг хүсэж байна. Би үргэлж шүтэн бишрэгчдэдээ чин сэтгэлээсээ ханддаг байсан учраас та бүхэн миний хувьд үнэ цэнэтэй хүмүүс хэвээр байх болно. 

Мэдэрч байгаа бүхнээ илэрхийлэхэд хэтэрхий богино ч гэлээ захидлыг минь уншсанд баярлалаа. Ирээдүйд та бүхнийхээ урмыг хугалахгүй байж, хичээж байгаагаа харуулах болно гэдгээ амлаж байна. Үргэлжлүүлэн дэмжиж өгөөрэй. Өөрийгөө хайрлан, хоолоо сайн идээрэй. Намайг уучлаарай, та бүхэндээ маү их баярлалаа" гэжээ. 

Өмнөд Солонгосын алдартнуудын хувьд гэрлэлт болон үерхлийн мэдээ нь карьерийг нь ганхуулахад хүрдэг чухал асуудлуудын нэг. Каринагийн хувьд шүтэн бишрэгчид нь дөнгөж карьераа эхлүүлж буй жүжигчин залуутай болзож эхэлсэн нь хамтлагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top