Талийгаач жүжигчин И Сун Гюүний хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Инчон хотын эрүүгийн хэргийн 4-р хэлтэст болж өнгөрлөө.
Уг хэрэгт И Сун Гюүнтэй уулздаг байсан гэх 30 настай эмэгтэй, өөрийгөө хакер хэмээн нэрлэн мөнгө шантаажилсан 29 настай эмэгтэй нарыг холбогдуулан шалгасан. 30 настай цэнгээний газрын менежер эмэгтэй шүүх хурлын үеэр "Хакер намайг заналхийлсэн тухай л би И Сун Гюүнд хэлсэн" гэх тайлбар өгчээ.
Харин хакерийн дүрээр мөнгө шантаажилсан 29 настай эмэгтэй шүүх хуралдаанд хүүхдийнхээ хамтаар иржээ. Түүний өмгөөлөгч "Яллах дүгнэлтүүдийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна. Дараагийн шүүх хурал дээр бидний зүгээс тодорхой байр сууриа илэрхийлэх болно" гэжээ. Сэжигтэн өнгөрсөн 12 дугаар сард байцаалт өгөхөөр ирэхдээ мөн хүүхдээ дагуулан ирсэн. Шүүх хуралдааны үеэр түүний хүүхэд тасралтгүй уйлсаар байсанд шүүгч "Та дараагийн шүүх хуралд ч мөн хүүхдээ дагуулж ирэх үү?" хэмээн асуухад тэрээр "тийм" гэх хариу өгчээ.
Шүүх хурлын дараагийн товыг одоогоор зарлаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )