Од, сарыг тольдсон “Сансар огторгуй” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2024 оны 03 сарын 18

Монгол цэргийн баярын өдөр болон хэдхэн хоногийн дараа болох Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөрт зориулан “САНСАР ОГТОРГУЙ” гэрэл зургийн үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн хэсэгт дэлгэлээ.

Үзэсгэлэнг Дэвшилтэт Социал Демократ Клуб-Тогтвортой хөгжил салбарын санаачилгаар гаргаж байгаа аж.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ санаа-Иннова ерөнхий боловсролын дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч Э.Ихэрбилэг нь сансар огторгуйн гайхамшгийг тольдон, эрэлхийлэгч бөгөөд зургаадугаар ангиасаа одон орон судалж, Celestron 90 eq дуранг гар утастай холбон од, сар, галактикийн зургийг хальснаа буулгаж эхэлсэн байна.

Э.Ихэрбилэг 2023 онд Өвөрхангай, Архангай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудаар аялж, хязгааргүй уудам огторгуй дахь сар, од, галактикийн тухай ажиглалт, судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд олон гайхамшигт хувирал үзэгдлийг нээн, од эрхсийн зургийг буулгах дадлага туршлага хуримтлуулсаар байгаа аж.

Нар жаргасан хойно од, эрхсийг дурандан үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдээ буулгасан байна.

Үзэсгэлэн гуравдугаар сарын 25-ныг дуустал Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт гарна.

Э.Ихэрбилэг нар жаргасан хойно од, эрхсийг дуранддаг түүнд үүрийн 03.00 цагт дурангаа үүрээд гарах нь ердийн үзэгдэл ажээ. Тэр энэ ажлаа хамгийн баяр жаргалтайгаар гүйцэтгэдэг юм.

Э.Ихэрбилэг Ерөнхий боловсролын сургуулийнхан дунд зохион байгуулагдсан шинжлэх ухаанч хүүхдүүдийн “Science fair 2023”-т амжилттай оролцож, шүүгчид “Нэн шинэлэг, өвөрмөц хоббитой” хүүхэд гэж онцолсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top