Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурал 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болжээ.
Хурлаар тус зөвлөлийн дүрмийн дагуу хүсэлт ирүүлсэн Улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна.
Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм.
Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан тул МҮБХ түүний хүсэлтийг хэлэлцэн, Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар барилдах эрхийг 2024.03.18-наас буюу өнөөдрөөс сэргээх шийдвэр гаргажээ.
Мөн тус зөвлөлөөс Монгол бөхийн ёс жудгийг сахин бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийг жил бүр тодруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсныг хурлаар хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )