Стефийн гайхамшиг үргэлжилсээр…

Админ | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

Ц.Энхтүвшин ("Таван цагариг" сонин)

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 20-нд (Америкийн цагаар) мэргэжлийн сагсанбөмбөгийн НБА-ийн улирлын ээлжилт тоглолтод "Голден стэйт уорриорз" өөрийн талбайдаа "Мемфис гриззлис" багийг хүлээн авлаа. Энэ тоглолтод " дайчид" хожих магадлал өндөр, тийм ч их сонирхолтой тоглолт биш  байсан ч "Chase center"-ийг заавал зорих хоёр ч шалтгаан байлаа. 

Эхнийх нь "Дайчдын" Крис Пол энэ тоглолтын өмнө НБА-д 19 улирал тоглохдоо 2598 бөмбөг таслалт хийсэн үзүүлэлттэй, 2600 босгыг давахад ердөө л хоёрхон бөмбөг таслалт дутуу байсан юм.

НБА-ийн бүх цаг үеийн түүхэнд бөмбөг таслалтаар ( steal) 2600-г давсан хоёрхон тоглогч байдаг нь домогт Жон Стоктон ( 3265), Жэйсон Кидд( 2684) нар ажээ. Тиймээс ч Крис Полыг бөмбөг таслалт хийхийг отож суулаа. Харамсалтай нь КП өнөөдөр бөмбөг таслалт хийж амжсангүй.

Хоёр дахь буюу өнөөдрийн хамгийн гол зорилго бол мэдээж Стефен Көрригийн ээлжит гайхамшигийн "гэрч" болох.

Стеф энэ улиралд 297 удаа 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгээд байсан бөгөөд 300 гэсэн дээсийг дахин нэг удаа давах нь өнөөдөр тохиох "ёстой" байсан билээ. Үнэхээр холын тусгалтай "мэргэн бууч" маань өнөөдөр 3-аас 4 удаа амжилттай шидлээ.

Тэрбээр ийнхүү нэг улиралд 300 удаа буюу түүнээс дээш 3 онооны шидэлт гүйцэтгэсэн тоогоо тав болголоо.

НБА-ийн бас л бүх цагийн үеийн түүхэнд нэг улиралд 300 удаа холоос "унагасан" амжилт ердөө долоо дахь удаагаа л бичигдэж байгаа. Тэгвэл долоогийн тав нь Стефен Көрри дээр бичигдэнэ ( Клэй Томпсон, Жэймс Харден нар "300х3" хийсэн) гээд бодохоор үнэхээр гайхалтай биш гэж үү?  Өнгөрсөн долоо хоногт (3.14) 36 нас хүрсэн Стеф маань тоолсон болгон нь рекорд, тоглолт болгон нь түүх болох юм даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top