ЭМГЭНЭЛ I Адъяагийн Болд

Админ | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

Адъяагийн Болд

(1971-2024)
 

​Монголын уулчдад хүнд гарз тохион, бидний эрхэм хүндэт нөхөр, уулчин Адъяагийн Болд 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгслөө.

Адъяагийн Болд нь 1971 онд Дундговь аймгийн төв Мандалговь хотод эмч Адъяагийн бага хүү болон төрж, 1989 онд Мандалговь хотод 10 жилийн 1-р бүрэн дунд сургуулийг төгссөн.

1990-1996 онд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийг эмч мэргэжлээр суралцаж төгссөн.

1996-1998 онд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр хамгаалсан.

2001-2002 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хейдельбергийн их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан ба Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Мөн Малайз, Филиппин, Өмнөд Солонгос улсуудад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр богино хугацааны мэргэжлийн курсүүдэд суралцаж байжээ.

Адъяагийн Болд нь 1998-2004 онд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуульд багш, 1999-2003 онд НҮБ-ын Хүн Амын Сан, 2004-2007 онд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын ерөнхий төлөвлөгөөний төслийн багийн үндсэн гишүүн, 2007-2009 онд Эрүүл мэндийн яаманд албаны дарга, 2009-2011 онд Азийн хөгжлийн Банк Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч, 2011-2016 онд Эрүүл мэндийн Яам, Азийн Хөгжлийн Банкны Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дөрөвдүгээр төслийн техникийн зохицуулагч, 2016-2017 онд GFA Consulting Group, Germany, 2017 – 2023 онд IRIM, Consulting Firm Монголын багийн ахлагчаар ажиллаж байв. 2024 онд Цаг агаарын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндэд учруулах нөлөөлөлд, эрүүл мэндийн байгууллагын ажилтны бэлэн байдал, мэдлэг туршлага бэлтгэх төслийн ахлагчаар ажиллаж байсан.

Тэрээр нийгмийн эрүүл мэндийн салбарт 1998 оноос өнөөдрийг хүртэл ажиллахдаа, дотоодын болон олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаанаа шингээн ажиллаж, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан манай улсын шилдэг мэргэжилтнүүдийн нэг байлаа. Англи, Герман, Орос хэлний өндөр мэдлэгтэй, ажилч хичээнгүй нэгэн байв.

Адъяагийн Болд нь 2009 оноос эхлэн явган алхалтыг сонирхож, цаашлаад өндөр уулын төрөл, хаданд авиралтын төрөлд идэвхтэй хичээллэх болсон юм. Түүний зарим амжилтаас дурсвал; Шотланд улсын Cairngorm уулын IV, V ангиллын техникийн зам, Турк улс, Эрчиес (дтд 3917м) оргил III ангиллын холимог зам, Швейцар улсын Matterhorn (4,478m) оргилд D ангиллын зүүн хойд хярын зам, Франц улсын Mont Blanc (4,809m) оргилын PD ангиллын хойд сонгодог зам, ОХУ-ын Эльбрус оргил, Киргизстан улсын Хан Тэнгэр (7010м) оргилын хойд хярын 5Б ангиллын зам гэх мэтээр техникийн авиралттай уулсыг сонирхон зорьдог байв. Мөн Монгол улсынхаа Алтайн нурууны Хүйтэн, Бүргэд, Цагаан суварга, Наран, Олимп, Дэглий цагаан гэх мэт оргилуудад авирч нэлээдгүй амжилтыг үзүүлсэн уулчин байлаа.

Адъяагийн Болд нь өөрийн мэргэжлийн онцлог, эрүүл мэндийн шинжлэх ухааны ололт амжилтыг уулчдын хүрээлэлд нэвтрүүлэх, залуу уулчдын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтлэл бичиж, номын орчуулга хийх ажилд идэвхтэй оролцдог, залуу уулчдыг бүх талаар дэмжихэд онцгой анхаардаг байв. Mongol Mountaineering цахим сэтгүүлийг санаачлан хөгжүүлэгчийн нэг байлаа.

Түүний хянуур, нямбай, тооцоо судалгаанд тулгуурлан аливаа шийдвэрийг гаргадаг, зарчимч шударга, хүнлэг энэрэнгүй, нийтэч зан чанар нь хойч үеийн уулчдын зүрх сэтгэлд хоногшин үүрд дурсагдах болно.

Ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Гэр бүл, найз нөхөд, Монголын уулчдын үндэсний холбоо, Mongol Mountaineering цахим сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top