МАН-ын дарга нар “Намын төлөө зүтгэсэн” гэх үг хүлээж авахгүй гэжээ

2024 оны 04 сарын 01

УИХ-ын сонгууль ойртож, нэр дэвшигч, горилогчид 13 мэхээ уралдуулж байна. Ардын намын дарга нар хүн болгоны аман дээр байдаг “Намын төлөө зүтгэсэн” гээд дайрчихдаг жижүүрийн үгийг аль ч түвшиндээ хүлээж авахгүй гэсэн сурагтай. Хэдий тийм боловч нөгөө талаар тэр л зүтгэл дээр тэдний эрх ямба ирдэг нь үнэн.

 

Д.Амарбаясгалан  намын жагсаалтыг тэргүүлэх үү?

 

Ардын намын сонгуулийн ерөнхий менежер, 126 гишүүнтэй том парламентад олонхийг бүрдүүлж ирэх шатрын ноён  бол тус  намын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байж таарна. Тэгэхээр  намынхаа жагсаалтыг тэргүүлэх магадлалтай. Тэгвэл жагсаалтад нэр дэвшигчдийг  эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэн бичих учир  Ардын намын хүүхнүүд бие биетэйгээ барьцаж, дарга нарынхаа өрөөний хаалгыг онголзуулж, хэн нь дээгүүр бичигдэх вэ гэдэгт ихээхэн амбицлаж буй  сурагтай.

 

МАН-ын хүүхнүүдийг хотод Н.Баярчимэг өнгөлнө

 

Энэ чимээ дуулиан дунд “Ардын намын  нийслэл дэх эмэгтэйчүүдийн байгууллагын дарга хэн болох вэ” гэдэг марафон өрнөж буй гэлцэнэ. Энэ тэмцэл дундаас Хотын даргын орлогч Н.Баярчимэг торойж үлдэнэ гэдгийг зарим эх сурвалж батлан хэлж буй. Түүний хувьд МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Пэсифис Стэйтс их сургуулийг дүүргэсэн, Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер, Мобиком корпорацийн салбарын захирал,  Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хууль зүйн газар хариуцсан дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч хийж байгаад Хотын орлогч болж дэвшсэн. Боловсрол мэдлэг, ажилласан туршлагаар ийнхүү цойлж буй гэнэ. Түүний хувьд говийн бүсэд нэр дэвших байснаа өөрчлөн ийнхүү хотод намынхаа хүүхнүүдийг өнгөлж орохоор болж байгаа бололтой.

 

Ч.Ундрам хаана явна...

 

МАН нэр дэвшигчдийнхээ нэрсийг ирэх сарын 1 хүртэл авна гэсэн. Өнгөрсөн бямба гарагт тус намын Бага хурал нь болсон. Бага хурлын үеэр зуугаадхан хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл танилцуулагдсан. Энэ үеэр Сэлэнгийн гурван бизнес эмэгтэй хэмээн нэрлэгдэх болсон Г.Өнөрболор, Ч.Ундрам, Н.Оюундарь нараас хоёртой нь МАН гэрээ байгуулсан гэх мэдээлэл чих дэлссэн. Тодруулбал, Г.Өнөрболор, Н.Оюундарь хоёр нэр дэвших гэрээгээ байгуулчихсан. Харин Ч.Ундрам яах бол, хаана явна вэ хэмээн Ардын намын хүүхнүүд жиг жуг гэлцэж байв. Мөн жагсаалт, тойрог хоёрыг дүйцүүлсэн том мөнгөний тоо энд тэнд дурдагдаж, хэн яах гэж тийшээ орох вэ, мөнгөө зүгээр цацах тийм сайхан сэтгэлтэй тэрбумтан Монголд хэр олон бэ. Идэх гэж тийшлэх үү, ажиллах гэж үү. Шударга ажиллаад зардлаа нөхөхгүй шүү дээ гэсэн явган яриа гарч байсан. Түүнчлэн “Намын төлөө зүтгэсэн хүнийг жагсаалтад оруулахгүй гээд яах юм бэ” хэмээн винондоо халсан хүүхнүүд агсам тавьсан сураг ч дуулдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.191) 2024 оны 04 сарын 01

Гишүүдийн зүтгэлээр гарчихаад юу вэ? Тэгвэл бүгдээрээ зайлцгаа

0  |  0
Top