Хойд хөршид хүмүүс “Крокус Сити Холл”-д болсон халдлагын үеэр олон хүний амь аварсан 14 настай хүүгийн гэр бүлд байр авч өгөхөөр цахимаар нэгдэж, уриалж эхэлжээ. Гэхдээ хүүгийн гэр бүл хүмүүсийн мөнгийг авахыг хүсэхгүй байгаа бөгөөд тусламж илүү хэрэгтэй байгаа олон хүн байгаа гэж үзжээ. Артем Донсков болон түүний ээж Александрагийн “V1.RU” радиод өгсөн яриаг хүргэе.
Артем Донсков: Эцэг эхээсээ гуйхгүйгээр өөрөө мөнгө олохыг хүссэн
Артем Донсков хүү Волгоградынх бөгөөд тэдний гэр бүл Москвад ирээд удаагүй байгаа аж. Халдлага гардаг орой Артем бусад хэдэн сурагчийн хамт “Крокус Сити Холл”-д цагаар ажиллаж байжээ. Тэр тус төвд ажиллаад хоёр сар болж байгаа гэнэ.
Артем: Би зүгээр л биеэ даасан байж, эцэг эхээсээ мөнгө гуйхгүйгээр өөрөө олохыг хүссэн. Надад халаасны мөнгө байсан ч өөрөө олохыг хүссэн юм. Бас ажлын туршлагатай болохыг хүссэн.
Хүмүүс сандралдан бууж ирэх чимээ сонсогдоход би В1 давхарт байсан. Бид юу болоод байгааг, юун чимээ болохыг ерөөсөө ойлгоогүй. Удалгүй бидэн дээр зааланд ажиллаж байсан бүсгүй гүйж ирээд “Буудаж байна” гэж хэлсэн. Бид ч буун дуу сонсож, хашгирсан хүмүүс өлгүүрийн тийшээ гүйлдэж ирсэн. Бидэнд аюул ослын үед хаашаа явахыг зааж сургасан байсан. Бид юу хийх, хүмүүсийг хаашаа авч явахаа мэдэж байлаа. Бид нар хуваагдаад хүмүүсийн талыг нь ослын гарц руу, талыг нь нүүлгэн шилжүүлэх хэсэг рүү авч явсан. Ослын гарц нээлттэй байсан нь аз болж, бид хүмүүсийг “Вегас” худалдааны төв рүү авч явсан.
Александра Донскова: Илүү зовж буй хүмүүст туслаг, бид өөрсдөө болгоно
Артем Донсковын ээж Александра Донскова хүүхдийн сэтгэлзүйчээр ажиллаж байгаад саяхан ажилгүй болжээ. Тэднийх Артемоос гадна хоёр охинтой бөгөөд Москвад байргүй юм. Иймээс сайхан сэтгэлт хүмүүс мөнгө цуглуулж, тэднийг байртай болгохоор уриалж эхэлсэн байна. Волгоградаас Красногорскт ирсэн тэднийх одоо хоёр өрөө байр түрээсэлж байгаа бөгөөд ипотекийн зээлээр байр авахаар хичээж буй гэнэ. Тэднийд ашиглаагүй маткапитал байгаа ч банкнууд ипотекийн зээл олгохоос татгалзсан байна. Хүүгийн ээж Александра Донскова “V1.RU”-д ярихдаа “Бид олны анхааралд ороод их гайхсан. Артем олон хүний амь аварсны дараа сэтгүүлч нар бидэн рүү залгах болж, хүү маань хэдэн хүнийг бус дэлхийг аварсан юм шиг мэдрэмж төрж байгаа. Артем бас хүмүүсийн ийм их анхааралд дасахгүй байгаа. Сэтгүүлч нар манайхыг асуудалтай байгаа мэтээр бичиж байна. Гэхдээ бидний бүх зүйл хэвийн байгаа. Тийм ээ, манайд өөрсдийн гэсэн байр байхгүй. Бас гурван хүүхэдтэй” гэжээ.
Александра Донскова мөн “Бидэнд анхаарал хандуулж, байр авч өгөхийг уриалж байгаа талаар сая л мэдлээ. Сэтгүүлч нар үүнийг гэнэтийн бэлэг болоосой гэж хүсэж байгаа байх. Гэхдээ энэ мөнгийг халдлагын үеэр амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн гэр бүлд өгөх нь дээр. Хүмүүс илүү их зовж байна, бид өөрсдөө болгоно” гэсэн байна.
Тэрбээр “Орон даяар өлгүүрчин хүүхдүүдэд ингэж хандаж байгаад маш их баярлаж байна. Анхаарал хандуулж, халуун дулаан сэтгэл гаргаж буйд талархаж байна. Надад зүгээр л хүмүүсийн мөнгийг авах нь ичмээр, хүн чанарын хувьд тиймхэн байна... Одоо хүнд хэцүү байгаа хүмүүст туслаг” гэжээ.
“Волгоград биднээр бахархаг”
Артемын Волгоградад сурч байхад заасан анхны багш нь залгасан гэнэ. Хүүгийн ээж “Багш нь уйлж, Артемыг ийм хүн болж өссөнд маш их баярлаж байгаагаа хэлсэн. Волгоградын найзууд, ойр дотныхон, багш нар, танилууд маань биднийг санаж буйд таатай байна. Волгоград хүүгээр минь бахархаж байгаад баярлаж байгаа. Манай хот баярлаг! Яагаад гэвэл бид Волгоградынх. Би тэнд өссөн, Артем тэнд сургуульд орсон” гэж ярьжээ.
Мөн дээрх радиогийн редакцтай өмгөөлөгч Тимур Матвеев гэдэг хүн холбогдож, кибер спорт, IT технологи сонирхдог Артемд шинэ компьютер бэлэглэе гэсэн байна. Хүүгийн ээж “Тэр компьютероо бидэн рүү аль хэдийн илгээсэн. Артем их баярлаж байгаа. Бид компьютероо авах завгүй л байна” гэж ярьжээ.
Халдлага болох үеэр “Крокус Сити Холл”-ын өлгүүрт ажиллаж байсан, олон зуун хүнд гарахад тусалсан хоёр хүү, нэг охиныг шагнасан билээ. Тэднийг оросууд "Манай үеийн баатар" гэж нэрлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Монголд бол авна
Ийм сайхан хүмүүсийн үйлс нь аяндаа бүтнээ.Хүний мөс, чанар, уужуу ухаан ийм юман дээр л харагддаг. Бусдыг хайрласан агуу хайр дээр амьдрал тогтдог. Маш их ухаантай эх, хүү хоёр юмаа.
Өгсөнийг нь ав
Орос хүн цаанаа л нэг өөр шүү. 14 хөн настай хүүгийн бусдын амийг аврахын төлөөх үйл, Волгоградаас хүүхдүүдтэйгээ нүүж ирээд өөрийн гэр оронгүй ч бусдын төлөө сэтгэл тавьж байгаа залуухан ээжийнх нь яриа ... Социализмын үеийн ”нэг нь нийтийн төлөө” хүмүүжил Орост баларч арилаагүй л юм байна. Монголд бол нэвтэрч, суурьшиж ч эхлэлгүй хүйтэн усаар шалчийтал шүршигдэж унтраагдсан даа. Ганцхан үндэстнээс бүрдсэн улс атлаа зуу зуун үндэстнээс бүрдсэн улсаас дор амь амиа бодож, дов довоо шарлуулж л амь зуух гээд зүтгэж явна. Юунд хүрэх бол ?