МЧБХ-ны удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академийг зорьж эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзлаа.
Энд мөн ӨМОЗО-ы шигшээ багийн 10 гаруй тамирчин дасгалжуулагчийн хамтаар манай улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Нийт 80 гаруй хүний өргөтгөсөн бүрэлдэхүүн 5-н дэвжээн дээр зэрэг бэлтгэл сургуулилт явагдаж байна.
Манай эмэгтэй тамирчдын хувьд олимпын 6-н жингийн хоёрт нь эрхээ баталгаажуулсан. Тодруулбал, өнгөрсөн онд Сербийн Белград хотноо болсон ДАШТ-ээс 50кг-д ОУХМ Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ аваад буй.
Харин үлдсэн 4-н жингийн эрхийг энэ сарын 16-19-ний өдрүүдэд Киргизстаны Бишкек хотноо болох Азийн олимпын эрхийн тэмцээн болон ирэх 5-р сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Станбул хотноо болох дэлхийн тэмцээнүүдээс авах боломжтой.
Уулзалтын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар баг тамирчдад өндөр амжилт хүсэж, хувийн зохион байгуулалт болон сахилга бат, ёс зүйгээ дээдлэхийг захисан бол дэд Ерөнхийлөгч П.Гансүх өрсөлдөгч тамирчны барилдааны судалгаан дээр сайтар анхаарахыг зөвлөж байлаа.
Эмэгтэй тамирчид мөн адил дэлхийд танигдсан “THRONE” брэндийн амин дэмээр хангагдсан. Нэг тамирчны иж бүрдэл нэн ашигтай 8-10 төрлийн бүтээгдэхүүнтэй. Тус брэнд нь хориотой бодисын шинжилгээнд хамрагдаж, олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан эрүүл аюулгүй бүтээгдэхүүнүүд юм.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )