УИХ-д горилох залуус буюу угсаа залгаж өв залгамжлагчид

2024 оны 04 сарын 12

УИХ-ын 2024 оны сонгуульд цөөнгүй залуус нэр дэвшихээр горилж буй. Олонд танигдсан, мөнгө хөрөнгөөрөө гул барьсан, шуугиан дуулиан, содон сониноор нийтийн танил болсон, улс төрөөр олон жил хөл хийсэн гээд түмэн зүйлийн горилогчид дундаас шинэ үеийнхнийг энэ удаа онцгойлон авч үзвэл улс төр, бизнесийн дээд хүрээнийхний залгамж халаа болсон залуус хүчээ үзэх магадлал өндөр байгаа юм.

Тэднийг УИХ-ын гишүүд, сайд асан эрхмүүдийн буюу улстөрчдийн угсаа залгагчид, бизнесийнхний өв залгамжлагчид болон бусад гэж ангилж үзэж болохоор.

 

1. Улстөрчдийн угсаа залгагчид

Улстөрчид үр хүүхдээрээ парламентад угсаа залгуулдаг болсоор удсан. Өнөөгийн гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугараар жишээ татаж болно. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн асан эрхмүүдийн хүүхдүүдээс нэлээд хэд нь нэр дэвшихээр горилж байна.

УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан АН-аас, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ХҮН-аас сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорыг нэгтгэсэн тойргоос тус тус улстөрч аавын шийрийг хатаахаар нэр дэвших сурагтай. Хоёулаа Архангайн гаралтай. Нөгөө хоёр аймагт эцгийн нэрээр танигдаж болно хэмээн тооцоолсон байж таарна. УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга агсан Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг олон жил АН-аас НИТХ-д сууж буй төлөөлөгч. Тэрбээр ахынхаа үйлсийг залгаж парламентад нэгдүгээр тойрогт нэр дэвшихээр шийдвэр хүлээж буй гэх. С.Зориг агсны дүү С.Оюун УИХ-д сонгогдсонтой ижил тохиол болж ч мэднэ. УИХ-ын гишүүн агсан М.Чимэдцэрэнгийн төрсөн дүү М.Сономпил ч улс төрд тэгж орж ирж байсан. УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир ч аавын орыг их улс төрд залгасан.

Гэр бүлээрээ УИХ-ын гишүүн байсан ганцхан тохиолдол Монголд бий. Тэр нь УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, түүний гэргий Д.Туяа, хүү О.Содбилэг нар. Гэргий нь нөхрөө, хүү нь ээжийгээ “нөхөж” парламентад сонгогдсон. Одоо О.Содбилэг УИХ-д дахин хүч үзэж магадгүй сурагтай. Тэрбээр хэрэв нэр дэвшихээр горилбол Орхон, Булган, Хөвсгөл аймгийг нэгтгэсэн хойд бүсийн дөрөвдүгээр тойргийг онилж мэдэх гэнэ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд асан, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ч МАН-аас эцгийн нутаг Хөвсгөлийг бараа татаж мөн л дөрөвдүгээр тойрогт горилох сураг дуулдсан. УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин, УИХ-ын даргын зөвлөх А.Энхзул, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн нар МАН-аас нийслэлийн аль нэг тойрогт горилох шийдвэрийг хүлээж буйгаар барахгүй, Г.Дөлгөөн 2024 оны босгон дээр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудлаасаа татгалзаж нэр дэвшинэ гэдгээ баталгаажуулсан. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүрэгт горилох сураг гарсан ч нэр дэвшүүлэх эрх олгох эсэх эрх нь МАН-ын удирдлагад бий тул эргэлзээтэй. УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нэр дэвшиж магадгүй сонсогдсон ч тэрбээр чамгүй олон жил эрхэлж буй дипломат албаа үргэлжлүүлэх бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, Ерөнхийлөгчийн тусгай элч, зөвлөх явсан Л.Хангайн хүү, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай нар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамтатгасан зургаадугаар тойрогт нэр дэвших болзлоо хангасан сураг гарч буй.

УИХ-д сууж байгаагүй боловч хэд хэдэн удаа нэр дэвшсэн, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Гадаад яаманд дээгүүр тушаал эрхэлж явсан Ш.Сүхбаатарын хүү С.Эрдэнэболд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг хамтатгасан тавдугаар тойрогт АН-аас дэвших нь бараг тодорсон. Тэрбээр Дархан-Уул аймагт төрсөн, аав нь Төв аймгийн уугуул гэдгээрээ боломж сайтай.

 

2. Бизнесийн өв залгамжлагчид

Бизнесийн салбарын томчууд өв залгамжлагчдаа их улс төрд оруулдаг болоод мөн л уджээ. УИХ-ын өнөөгийн гишүүн Г.Тэмүүлэн, Н.Учрал, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нар парламент дахь Бизнесийн өв залгамжлагчдын тоонд зүй ёсоор орно. Тэгвэл тэдний араас бизнесийн “акул”-уудын нэг Гацууртын Л.Чинбатын охин, өдгөө Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүргийг сонгоод байгаа нь тод дуулдах болов. Гишүүн асан Н.Номтойбаяр ч эргэн ирэхээр “Үндэсний эвсэл” байгуулаад явж байна. УИХ-д сууж байсан, мөн л бизнесийн томчуудын нэг Ш.Сайхансамбуугийн хүү, “Нарантуул трейд” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Наранбат өв залгамжлагчдын тоог нэмж есдүгээр тойрог буюу нийслэлийн Баянгол дүүргийг онилсон байна. Нэр дэвшихээр горилогчид тодрох үеэр өв залгамжлагчид олноороо нэмж гарч ирэх магадлал бас бий.

 

3. Бусад

Угсаа залгагч хийгээд өв залгамжлагчдаас гадна бусад залууст нэр дэвших магадлал мэдээж бий. Гэхдээ тэд аль нэг улстөрч, улс төрийн хүчний далбаан дор горилох эрх олж авна уу гэхээс биш, хэний ч танихгүй, нөмөр нөөлөггүй цоо шинэ залуу нэр дэвшигчийн босго алхаж, сонгогдож, Их Хуралд сууж, том улс төрд хөл тавина гэдэг хий зэрэглээ, хоосон зүүд гэсэн үг. Тэгвэл бусад гэдэгт хэн хэн багтаж болох вэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Үндэсний аудитын газрын дарга байгаад оны өмнө ажлаа албан ёсоор өгсөн Д.Занданбат нар МАН-аас, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх АН-аас говийн дөрвөн аймгийг хамтатгасан долоодугаар тойрогт тоосоо өргөхөөр болсон. АН-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж горилж болох ч “нүүрсний” гэх хэрэгт холбогдож хар тамга даруулсан сэвтэй. Зүүн гурван аймгийг хамарсан долоодугаар тойрогт АН-аас Т.Пүрэвхатан, Төвийн бүсийн аймгуудын тавдугаар тойрогт Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Боомтын сайд “МАХН-ын” хэмээх Б.Тулга нар МАН-аас шинэ “өнгө” татуулахаар горилж мэдэх нь. “Эрдэнэт” үйлдвэрийн  захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, Хойд бүсийн хөгжлийн төв ТББ-ын ТУЗ-ын дарга Д.Үүрийнтуяа уг нь говийн бүсийн тойргийг сонирхож байсан ч энэ удаа хойд бүсийн тавдугаар тойрогт “шав” тавьсан гэх.Удирдлагын академийн захирал байхдаа сургуулиа өөд татаж гял цал болгосон хэмээн ахмад багш нарт ихээхэн үнэлэгддэг, өдгөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Баян-Өлгийн гуравдугаар тойрог, эсвэл нийслэлийн аль нэг тойрогт МАН-аас горилох боломжтой хүмүүсийн нэгд ороод байна.

Баянхонгорт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Эрдэнийн нэр МАН-аас тодорч магадгүй бөгөөд Ардын багш С.Дуламын хүү юм. Баянзүрх дүүрэгт АН-аас М.Тулгатын нэр АН-аас яригдаж байгаа, тэрбээр алдарт “Хонхны дуу”-г зохиогч С.Цогтсайханы дүү С.Майнбаярын хүү. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүрэгтээ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Хан-Уул дүүрэгт, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа баруун дөрвөн аймгаас бүрдэж буй хоёрдугаар тойрогт гээд “Бусад” хэмээх ангилалд багтах олон залуусын нэр удахгүй тодрох кандидатууд дунд багтах төлөв гараад эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(195.88.142.26) 2024 оны 04 сарын 13

ѳв залгамжлагчдыг сонгож болохгүй

4  |  0
Top