Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагаас эхтэй “Баянмонгол” чуулга Монголд алс холын жазз хөгжмийг үрслүүлж, суулгаснаас хойш хэдийн 55 дахь жилтэйгээ золгосон байна. АНУ-аас гаралтай жазз /дагшаа/ хөгжмийн мэргэжлийн хийгээд арилжааны тоо томшгүй олон зохиол бүтээлүүдээс бүрдсэн арвин тансаг сан хөмрөгийг тэд буй болгожээ.
Дэлхийн жазз хөгжмийн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог ба дэлхий даяар тархсан жазз хөгжмийн шүтэн бишригчэд болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Баянмонгол чуулга Симфони найрал хөгжимтэй хамтран АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жорж Гершвиний зохиол бүтээлүүдээс бүрдсэн “An American in UB” тоглолтоо 2024 оны 4 дүгээр сарын 26,27-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна.
Тоглолтод Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од, дуучин Наагий, Ариу, Jojo, Энжи нар оролцоно.
Хөтлөгчөөр Н.Ганбат ажиллаж байгаа бөгөөд тоглолт Улсын Филармонийн концертын танхимд 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас болно.
Тасалбарыг: Ticket.mn , Улсын Филармонийн касс
Дэлгэрэнгүйг: 88003041, 70118012
Сэтгэгдэл ( 0 )