Жүжигчин Ким Хе Ра дээрэлхэлтийн хэргийн хохирогчидтой тохиролцжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

 

"The Glory" киноны од жүжигчин Ким Хе Ра сургуулийн сурагч байхдаа Big Sangji хэмээх нэртэй охидын бүлгэмийн гишүүн байсан бөгөөд бусад сурагчдын дээрэлхдэг байсан гэх мэдээлэл өнгөрсөн онд гарсан билээ. 

Үүнээс хойш олон нийтийн шүүмжлэлд өртөн, хэсэг хугацаанд завсарлага авсан Ким Хе Ра уг мэдээллээс хойш 7 сарын дараа байр сууриа илэрхийлжээ. Түүний харьяалагддаг Gram Entertainment-ийн зүгээс "Өнгөрсөн жил Ким Хиера болон манай компанийн зүгээс холбогдох талуудтай уулзан, олон жилийн өмнөх дурсамжаа сэргээн, бие биеэ ойлгоход цаг гаргасан. Хэн хэн нь бие биеийхээ амьдралыг цаашид хэвийн үргэлжлүүлэхэд үргэлж тусалж дэмжихээр тохиролцсон. 

Энэхүү явдлаас хойш Ким Хе Ра урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай иргэн болохоор шийдэн, энэ тухайгаа гүнээ эргэцүүлэн бодсон. Тэрээр олон нийтээс ирсэн хайр халамжийг эргүүлэн өгөхийн тулд зүрх сэтгэлээрээ амьдралаа дахин эхлүүлэхийг зорьж байгаа. 

Та бүхний санааг зовоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж, Ким Хе Рад итгэж, хүлээж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье" гэжээ. 

Ким Хе Рагийн найзалдаг байсан охидын байгуулсан Big Sangji гэх бүлгэмийн гишүүд бусад сурагчдыг дээрэмдэн танхайрч, хэл амаар доромжилдгоороо алдартай байжээ. Тэд сурагчдыг тамхинд явуулж, мөнгө авчрахыг шаарддаг байсан аж. Жүжигчин Ким Хе Ра энэхүү мэдээлэл цацагдсан даруйд Big Sangji бүлгэмийн гишүүдтэй холбоотой байсан ч бусдыг дээрэлхэж байгаагүй хэмээн мэдэгдсэн байдаг. 

Энэхүү мэдээлэл цацагдсаны улмаас энэ оны сүүлээр нээлтээ хийх төлөвтэй байсан tvN телевизийн "Lifetime" киноны ажил түр хугацаанд зогсжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top