Л.Баттогтох: Зарим тохиолдол дээр цаазын ял оноодог баймаар байна

2024 оны 04 сарын 24

Дорноговь аймагт онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 12 настай охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн мэдээллийн гол зорилго нь шүүхээр гэм буруу нь тогтоогдож, бүх насаар нь хорих ял оноосон ялтны хохирогчийнх нь эрхзүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, хүчирхийлж, амь насыг нь онц жигшүүртэйгээр хөнөөж, хэргээ нуун дарагдуулахаар газарт булсан жигшүүрт хэрэг гарсныг бүгд мэднэ. Шүүгдэгч Гантулгад хүн хулгайлах, бага насны хүүхдийг хүчиндэх, хүнийг санаатайгаар хөнөөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид тусгаарлан хорих шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн нийгэмд учруулж байгаа хор хохирол нь асар их учир зарим тохиолдолд цаазын ялыг байх ёстой гэж өмгөөлөгч миний бие үзэж байна” гэлээ.

Хохирогчийн ээж шүүх хуралд оролцсон бөгөөд маш хүнд шүүх хурал болсныг өмгөөлөгч хэлж байв. Хохирогч охин ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, айлын ганц охин байсан аж. Уг айлын үр удам бүрмөсөн тасарсан ноцтой гэмт хэрэг дээр цаазын ялыг сэргээх нь зөв гэж өмгөөлөгч Л.Баттогтох үзэж буйгаа хэллээ.

Түүнчлэн хохирогчийн гэр бүлд олгохоор шийдвэрлэсэн сэтгэл санааны хохирол болох 182.5 сая төгрөг ердөө цаасан дээр үлдэж байгааг өмгөөлөгч хэлээд “Хохирогчид сэтгэл санаа хийгээд бие мах бодиор давхар хохирч байгаа нь хохирогчийн эрхзүйн байдлыг дордуулж байна. Энэ хохирлын мөнгийг гэмт хэрэгтэн Гантулга насан туршдаа төлөх ёстой. Бүх насаараа хоригдох ялтай гэмт хэрэгтэн үүнийг төлөхгүй, энэ мөнгө цаасан дээр л үлдэж байна” гэсэн юм.

Гэмт этгээд өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан, 4-5 удаагийн ял шийтгэлтэй, 3-4 удаа шоронгоос оргохыг завдаж байсан аж. Өмгөөлөгч Л.Баттогтох “Энэ этгээдийн нийгэмд үзүүлэх хор хохирол маш өндөр. Хохирогчийн хохирлыг улсын тусгай сангаас олгодог баймаар байна. Нийгэмд үзүүлэх хор хохирол өндөртэй хэрэгтнүүдэд цаазын ял оноодог баймаар байна” гэлээ.

Өмгөөлөгчийн хувьд бүх насаар нь хорих зүйл ангитай гэмт хэрэг дээр хэд хэдэн удаа ороход цаазын ял сонсож байгаа этгээд хэргээ хүлээдэг, амь насыг нь өршөөхийг гуйдаг, уйлж унжиж, шингэн алддаг үе байсан бол одоо шүүгдэгч өөрөө амьд байх юм байна гэх итгэл үнэмшилтэй байгаа учраас гэмшиж, айж буй шинж маш бага болсныг хэлж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top