Талийгаач дуучин Гү Ха Рагийн нэрээр нэрлэгдсэн хууль батлагдана

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 28

 

Өмнөд Солонгосын охидын Kara хамтлагийн гишүүн Гү Ха Ра 2019 оны арванхоёрдугаар сард 28 насандаа амиа егүүтгэн нас барсан. Түүнийг нас барсны дараа бага байхад нь орхин явсан ээж нь үлдээсэн өв хөрөнгийг нь авах эрхтэй хэмээн мэдэгдсэн нь олны эгдүүцлийг хүргээд байсан билээ. 

Тус улсын Иргэний хуульд талийгаачийн үлдээсэн өв хөрөнгийн тодорхой хэсгийг гэр бүлийн гишүүд нь ямар харилцаатай байсан эсэхээс үл хамааран авах эрхтэй гэж заасан байдаг ба гэрээслэл үлдээсэн хэдий ч үр хүүхэд болон эхнэр, нөхөрт хуулиар тогтоосон өвийн тэн хагасыг, эцэг эх, ах эгч, дүү нарт гуравны нэгийг нь тус тус өгнө хэмээсэн байдаг аж. Энэхүү хуулийн дагуу 20 гаруй жилийн өмнө охиноо орхин явсан талийгаачийн ээж түүний үлдээсэн хөрөнгийг авах эрхтэй болжээ. 

Гү Ха Рагийн ах Гү Хо Ин дүүгийнхээ өв хөрөнгийг ээждээ өвлүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлэн шүүхэд хандсан бөгөөд энэхүү хуульд өөрчлөлт оруулах тал дээр идэвхтэй ажиллан 17 хоногийн дотор 100.000 гаруй гарын үсэг цуглуулж чадсан. Хүчин төгөлдөр байгаа хуульд талийгаач үр хүүхэдгүй, эхнэр, нөхөргүй нэгэн бол хөрөнгийг түүний эцэг, эхэд тэнцүү хувааж өгөхөөр заасан байдаг бөгөөд Гү Ха Рагийн ээж түүний хөрөнгийн 40 хувийг авч чаджээ. 

Үндэсний ассамблей 2021 онд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ умартсан эцэг эхчүүд өв залгамжлагч байх эрхгүй тухай заасан "Гү Ха Рагийн хууль" хэмээх хуулийг санаачилсан. Мөн тус оны зургаадугаар сард тус улсын хууль зүйн яамнаас гэр бүлийн гишүүд хүлээсэн үүргээ зөрчсөн, хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд өв залгамжлах эрхгүй байх тухай хуулийн төсөл өргөн барьжээ. 

Гэвч Үндэсний Ассамблейн 20-р чуулганы үеэр Гү Ха Рагийн хуулийг батлах хүчинтэй хугацаа дуусгавар болсон бол 21-р чуулганы үеэр дахин сэргэжээ. Энэхүү хуулийг батлан сүүлийн хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31. Уг хуулийг илүү боловсронгуй болгохын тулд хуулийн мэргэжилтнүүд үргэлжлүүлэн ажилласаар байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top