Брюс Уиллис, Деми Мур нарын "сонгодог" хайрын түүх...
Холливудын алдарт хосууд болох Брюс Уиллис, Деми Мур нар өдгөө хамгийн найсаг эксүүд хэмээх тодотголтой болсон. Эдгэшгүй өвчнөөр өвчилсөн Брюс Уиллисийг үргэлж дэмжин, хайр халамжаа үзүүлсээр байгаа Деми Мур түүнийг эцсийн амьсгалаа татах хүртэл нь асрахаа амлаад байгаа билээ.
Тэдний гэрлэлт 13 жил үргэлжилж, гурван хүүхдийн эцэг, эх болсон. 2000 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан ч эцэг, эх байх үүргээ ухамсарлан, сайн харилцаатай байхаар тохиролцжээ. Салсан хэдий ч Парис хамтдаа зугаалж, киноны нээлтэд хамтдаа оролцож байсан тэд 2020 онд гарсан цар тахлын үеэр хамтдаа тусгаарлагдаж байжээ.
Жүжигчин Деми Мур 2005 онд жүжигчин Эштон Катчертэй гэрлэсэн. Түүний хуримд Брюс Уиллис хүрэлцэн ирж дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бол 2009 онд болсон Брюс Уиллис, Эмма Хэминг нарын хуримын ёслолд Деми Мур мөн хүрэлцэн ирж баяр хүргэж байжээ.
Брюс Уиллис 2022 онд афази өвчнөөр оношлогдсон бол 2023 онд frontotemporal dementia-аар оношлогдсон. Үүнээс хойш цагийг хамтдаа өнгөрүүлэх болсон тэд өнгөрөгч гуравдугаар сард эмээ, өвөө болсон. Ингээд Холливудын "алтан" хосуудын хайрын түүхээр аялъя.
1987 оны 7-р сар: Деми Мур, Брюс Уиллис нар Stakeout киноны зураг авалтын үеэр анх бие биенээ харжээ. Тухайн үед Деми Мур Эмилио Эстевез хэмээн жүжигчин залуутай уулздаг байсан ч түүнээс харилцаагаа таслан Брюс Уиллистэй дотносож эхэлжээ.
Ердөө хэдхэн сарын дараа буюу 1987 оны арваннэгдүгээр сард хосууд гэрлэж, 1988 оны наймдугаар сард анхны охиноо өлгийдөн авсан байна.
1991 оны 4-р сарын 19-нд Деми Мур, Брюс Уиллис нарын хамтран тоглосон кино үзэгчдийн хүртээл болов.
1991 оны 7 дугаар сарын 20-нд хосууд хоёр дахь охиноо өлгийдөн авсан бол 1994 оны 2 дугаар сарын 3-нд гурав дахь охиноо төрүүлжээ.
1998 онд хосууд тус тусын замаа хөөхөөр болсон тухайгаа олон нийтэд зарласан. 2000 онд хууль ёсны дагуу гэр бүлээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлэсэн тэд салалтаа ердөө нэг хоногийн дотор шийдвэрлүүлсэн гэдгээрээ алдартай.
Хосууд салсны дараа Брюс Уиллис Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би Дэми Мурт хайртай хэвээрээ. Бид маш дотно. Бид гурван хүүхэдтэй учраас тэднийгээ цаашид хамтран өсгөх болно. Бид одоо ч өмнөх шигээ дотно хэвээр байгаа. Хүүхдүүдийнхээ төлөө бид насан туршдаа энэ хэвээр байх болно. Бидний нөхөрлөл эв найрамдалтай үргэлжлэх болно" хэмээж байжээ.
2001 оны 10-р сарын 4-нд Деми Мур дээрэмчдийн нээлтийн үеэр Брюс Уиллисийг дэмжиж байгаагаа харуулан "Bandits" киноны нээлтэнд нь хүрэлцэн иржээ. 2005 онд Деми Мур жүжигчин Эштон Катчертай гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлт 2011 онд дуусгавар болжээ.
Брюс Уиллисийн хувьд Эмма Хэмингтэй 2009 онд гэрлэж хоёр хүүхэдтэй болсон. Түүний хуриман дээр Деми Мур, Эштон Катер нар хүрэлцэн ирсэн ба Брюс Уиллис өөрийн бүтээсэн энэхүү найрсаг гэр бүлээ "яг л нэг овог аймаг шиг" хэмээн тодорхойлсон байдаг.
Энэ тухай Брюс Уиллис "Энэ нь хүмүүсийн сонирхлыг маш их татдаг л даа. Учир нь хүн бүр гэр бүл салалтыг дургүйцэл, үзэн ядалтаар төсөөлдөг ч намайг экс эхнэртэйгээ яаж ингэж эв найрамдалтай байгааг ойлгодоггүй. Деми бид хоёр хүүхдүүдээ нэгт тавихаар шийдсэн. Бид бүгд хамтдаа хөгжилдөж чаддаг нь үнэхээр азтай хэрэг гэж би боддог. Би түүнд хайртай хэвээрэй. Түүнийг өөрийн хүссэн амьдралаараа амьдарч байгааг нь хараад маш их хүндэлдэг" гэжээ.
2019 онд жүжигчин Деми Мур "Inside Out" хэмээх дурсамж номоо гаргасан. Энэхүү номдоо салалтынхаа тухай "Хэлэхэд инээдтэй л юм. Гэхдээ бид салсандаа маш их баярладаг. Би Брюсийг эхлээд салалтаа хүндрүүлж, хүүхдүүдтэйгээ уулзах зэрэгт саад учруулж, нэгэндээ хорсол тээн уур хилэнгээ илэрхийлнэ гэж бодож байсан. Ерөнхийдөө гэр бүл салалтын дараа гардаг бүхий л башир аргууд бидэн дээр ч мөн гарна гэж бодсон. Гэвч тэгээгүй, би ч тэр, тэр ч тэр. Салалт эхэндээ амаргүй байсан ч бид үүнийг даван туулж чадсан. Бид хоёрын харилцаагаа авч үлдэхийг хичээсэн хичээл зүтгэл, гэр бүлээ гэх хайр, охидоо эцэг, эхийн аль алиных нь хайр халамжаар дутаахгүй гэх сэтгэл биднийг цоо шинэ орчин бий болгож, харилцааны шинэ төвшинд гаргасан. Бид салах үедээ урьд өмнөхөөсөө ч илүү нэг нэгнээ ойлгосон" хэмээн бичсэн байдаг.
Хэдийгээр гэрлэлтээ цуцлуулаад 24 жил болж байгаа ч хосууд өнөр өтгөн хайр гэрэлтсэн гэр бүлийг цогцлоон бие биеэ түшиж тулсаар байна.
Сэтгэгдэл ( 0 )