- Хэт авиан пуужин бүтээхэд нэг тэрбум фунт стерлинг зарцуулна -
Их Британи 2030 он гэхэд өөрийн үйлдвэрийн хэт авиан пуужинг бүтээж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ зорилгодоо нэг тэрбум фунт стерлинг хуваарилах аж. Одоохондоо эхний шатандаа байгаа энэ төслийн шинэ пуужин ямар төрлийн пуужин байхыг хараахан шийдээгүй байна. Цэргийн шинжээчид Их Британи хэт авианы чиглэлээр Оросоос хоцорч байгаа бөгөөд энэ амбицтай мэдэгдлийг үл харгалзан хэт авиан пуужинг олноор нь үйлдвэрлэж чадахгүй байх магадлалтай гэв.
Их Британи 2030 он гэхэд хэт авиан далавчит пуужинг бүтээж, хөөргөхөөр төлөвлөж байна гэж The Telegraph сонин мэдээлжээ. Тус мэдээлэлд “Их Британи энэ 10 жилийн эцэс гэхэд зэвсэгт хүчнээ эх орондоо үйлдвэрлэсэн хэт авианы далавчит пуужингаар тоноглохоор төлөвлөж байна. Засгийн газар Хятад, Орос, АНУ-ыг гүйцэх гэж оролдож байгаа тул цэргийнхэн хурдтай зэвсгийг хүсэж байна. Вант улсын Батлан хамгаалах яам төслийн тодорхой төлөвлөгөө, цаг хугацааны талаар тайлбар хийгээгүй ч ийм зэвсгийг бүтээх баримтыг баталжээ” гэжээ.
Их Британийн бүрэн эрхт, дэвшилтэт чадавхыг цаашид хөгжүүлэхийн тулд хэт авианы технологи дээр ажиллаж байгаа аж. Одоогийн болон ирээдүйн аюул заналхийллийг эсэргүүцэхийн тулд технологидоо хөрөнгө оруулалт хийсээр байгаа тус улс батлан хамгаалахын төсвийг 2030 он хүртэл 75 тэрбум фунтээр нэмэгдүүлэх гэнэ.
Өндөр зардал
Тус сонинд бичсэнээр, Их Британийн хэт авиан пуужин бүтээх төлөвлөгөө одоохондоо эхний шатандаа байгаа бөгөөд хуурай газар, далай, агаарт байх эсэх талаар шийдвэр хараахан гараагүй байна. Үүний зэрэгцээ, хэт авианы хурдаар үүсэх өндөр температурыг тэсвэрлэхийн тулд халуунд тэсвэртэй материалыг эхнээс нь боловсруулах шаардлагатай тул төслийг хэрэгжүүлэхэд амаргүй байх болно гэж The Telegraph-ын эх сурвалж онцолж байна.
Нэмж дурдахад, Их Британийн ихэнх пуужингийн төслийг ихэвчлэн холбоотон орнуудын оролцоотойгоор боловсруулдаг тул хэт авианы далавчит пуужинг бүрэн дотооддоо бүтээх хөтөлбөр нь ер бусын байх болно гэж хэвлэлд тэмдэглэжээ. Өндөр өртөг болон техникийн боломжид тулгарч буй сорилтууд нь ийм зэвсгийг маш цөөхөн тоогоор хийх боломжтой гэсэн үг аж. Их Британийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор туйлын үр ашиггүй байгаад Барууны шинжээчдийн нийгэмлэг нэг бус удаа анхаарал хандуулж байсан.
Их Британийн Засгийн газар татвар төлөгчдийн хэдэн тэрбум фунт стерлингийг зэвсэг үйлдвэрлэдэг корпорацуудад дэмий үрж, мөнгө урсгаж, хувьцаа эзэмшигчдэд асар их өгөөж өгч байна гэж хэвлэлүүд тэмдэглэжээ. 2024 оны эхээр The Telegraph сонин үндэсний цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын төлөв байдлын талаар урам хугарсан дүгнэлтэд хүрч, Их Британийн батлан хамгаалах салбарын өсөлт нь баттай суурьгүй гэж бичсэн байна.
Их Британи хол хоцорсон
Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн арван жилд Их Британи пуужингийн төслүүд дээрээ Америкийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын дэмжлэгт найдаж байв. Доналд Трамп 2020 онд супер пуужингийн тухай ярьж байсан ч энэ чиглэлд ахиц дэвшил гараагүй гэж мэргэжилтнүүд тэмдэглэв. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрчээ. ОХУ 2018 оноос хойш хэт авианы зэвсгээ үзүүлж байгаа нь АНУ-ыг дор хаяж зургаан жилээр гүйцэж түрүүлсэн гэсэн үг аж. Үүний цаана 2030 он гэхэд бүтээх хэт авианы зэвсгийн тухай Их Британийн мэдэгдэл нь хачирхалтай санагдаж байгааг Оросын шинжээч нар хэлжээ.
Их Британи эцэстээ АНУ-аас хэт авианы зэвсэг авахыг үгүйсгэхгүй гэж Оросын хэвлэлүүд бичээд “Хэрвээ америкчууд хэт авианы зэвсэг хийж чадвал Их Британи түүнийг нь хурдан эзэмших болно. Гэхдээ АНУ-д л хийх болно. Ингэхгүй бол тэдний эвсэл AUKUS Хятад улсын эсрэг Ази Номхон далайн бүс нутагт томоохон цэргийн кампанит ажил явуулах боломжгүй. Тийм учраас ийм бэлтгэл хийж байна” гэсэн байлаа.
Орос улс хэт авианы зэвсгийн салбарт хол түрүүлж, АНУ, ялангуяа Их Британийг ардаа орхисон гэж шинжээч нар онцолжээ. Одоо ОХУ, БНХАУ-аас гадна БНАСАУ, Энэтхэг, Иран улс энэ чиглэлээр судалгаа хийж байна. Израилд мөн энэ ажил хийгдэж байгаа гэх. Өмнөд Солонгос, Японд ч хэт авиан пуужин үйлдвэрлэх технологийн хөгжил бий. Их Британи зөвхөн хэт авианы хөгжлөөр төдийгүй тэнгисийн цэргийн хүчин, цөмийн зэвсэг, нисэх онгоцны үйлдвэрлэлээ хадгалах, шинэчлэх чиглэлээр ч хоцорч байгаа аж.
Нухацтай ажил
Хэт авиан зэвсэг нь маш нухацтай судалгааны ажил, маш их туршилт, бодит нөхцөл шаарддаг. Британичуудад үүнийг хийх цаг байна уу гэх асуулт гарч ирж байгаа бөгөөд тэд энэ салбараас хол хоцорсон гэх.
Их Британи хэт авиан пуужинг бүтээж чадах ч энэ төслийн гол ажил бол түүнийг амжилттай нэвтрүүлэх явдал байх аж. Технологи ихтэй Их Британийн хувьд энэ нь даван туулах боломжгүй асуудал биш. Туршилт, цуврал үйлдвэрлэлд Их Британийн хувьд нэмэлт хугацаа шаардагдах бөгөөд энэ нь дор хаяж 3-5 жил байх болно гэж шинжээч нар ярьжээ. Харин тэр үед Оросын болон бусад улсын пуужингийн довтолгооноос хамгаалах систем сайжирна. 10 жилийн дараа биш, харин өнөөдөр хэт авианы зэвсгийг устгах чадвартай С-500 цогцолборууд ашиглалтад орж байна.
Дээрх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан Их Британи нэг тэрбум фунтын зорилтоо биелүүлэхгүй байх магадлалтай гэнэ. Үйлдвэрлээд эхлэхээр бүр ч үнэтэй болно. Гэхдээ Лондон цэргийн зардлаа эрс нэмэгдүүлж, их хэмжээний зэвсгийн үйлдвэрлэлийг төлөвлөжээ. Энэ нь Их Британийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг шийдэж чадах болов уу?
Сэтгэгдэл ( 0 )