Олон гишүүн Төрийн ордноос гадаалж зарим байнгын хороо хуралдсангүй

2024 оны 05 сарын 01

УИХ-ын Хууль зүй, Нийгмийн бодлогын байнгын хороод өчигдөр хуралдах хуваарьтай байв. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүйн улмаас байнгын хороод хуралдсангүй. Цөөн гишүүд эмийн чөлөөтэй, дийлэнх нь хөдөө орон нутагт ажиллахаар явжээ. 2024 оны сонгууль бүсчилсэн, томсгосон тойргоор явах учир танигдаагүй аймаг, сумдаар амжиж орохоор гишүүд Төрийн ордноос гадаалах нь их болжээ.

Уг нь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ дөрөвдүгээр сарын 15-нд өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх байсан бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулийн төсөл,  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх учиртай байв. 

Хууль зүйн байнгын хорооны хурлаар Авлигын дагнасан шүүх байгуулах шаардлагатай гэж үзвэл УИХ-д оруулах талаар ярих байжээ. Мөн Шүүх байгуулах хуулийн төсөлд хялбаршуулсан ажиллагааны журмаар шүүхэд орж ирсэн асуудлыг шийддэг байх, гэр бүл хүүхдийн дагнасан шүүх байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх учиртай байв. Мөн нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргийн шүүхийг нэгтгэж Налайхад төвлөрүүлэхээр тусгажээ. Тус хуулийн төсөлд шүүгчийн цалин, нэмэгдэл, орон тооны асуудлыг Шүүхийн Ерөнхий Зөвлөл шийддэг байхаар тусгасан аж. Харин ажлын хэсгийн гишүүд өдгөө мөрдөгдөж байгааг хэвээр үлдээж Улсын Дээд шүүхтэй зөвшилцөн УИХ-аар шийдүүлдэг байх нь тохиромжтой гэсэн саналыг гаргасан байна. Гэвч гишүүдийн ирц гүйцээгүйн улмаас эдгээр хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр ийнхүү хойшлууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top