"Growl of Clown" хамтлаг рок хувьсгал уриан дор "Wake Up" амьд хөгжмийн наадам зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр /2024.05.14/ мэдээлэл өглөө. Тодруулбал, тус амьд хөгжмийн наадам нь тавдугаар сарын 25-ны өдөр задгай талбайд буюу Sky Resort-д болох бөгөөд Солонгос, Хятад, Орос, Япон, Монголын хамтарсан 37 хамтлаг оролцох аж.
Хамтлагийн ахлагч Б.Хүрэлбаатар "Манай хамтлаг 2014 онд байгуулагдсан. Хамтлагийн ахлагч Б.Хүрэлбаатар, басс гитарчин Ё.Ерөөлт, бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ, гитарчин О.Бархүү гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 10 жилийн ойгоо угтах гэж байна.
2018 онд "Сөнөсөн хот", 2021 онд "Салбадай" цомгуудаа гаргаж байсан. Энэ жил Wake Up наадам дээрээ "Хүнд төмөр машин" гэх гурав дахь цомгийнхоо нээлтийг хийнэ. Гурав дахь цомог хэт их машинчлагдсан нийгэм, системийн бодлогыг шүүмжилсэн шүүмж дуу хоолойгоо хүргэсэн цомог байх болно. Манай хамтлаг монголын хамгийн анхны металл урсгалын пянзыг гаргаж байсан. Гурав дахь цомгоо мөн пянз хэлбэрээр гаргана. Урьдчилсан захиалгаа авч байна. Урьдчилсан захиалга хийж, пянз авсан хүмүүстээ "Wake Up" наадмынхаа тасалбарыг бэлэглэнэ" гэлээ.
Энэ жилийн "Wake Up" наадамд дөнгөж эхлээд тайзан дээр анх удаагаа гарч байгаа хамтлагаас эхлээд 35 жил тоглосон Харанга хамтлаг зэрэг бүхий л үеийнхэн оролцож байгаа бөгөөд рок хувьсгал гэх уриа нь Монгол хүүхэд залуучуудын оюун санаанд рок хөгжим, урлагаар дамжуулж эерэг хувьсгал хийхээр зорьж байгаа гэнэ
Тасалбарыг тавдугаар сарын 25-ны өдөр хүртэл Shoppy.mn, GS25-н бүх салбаруудаар болон фестивалийн үүднээс авч болох аж.
ВИДЕО ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )