Буриадын “Үлгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач Эрдэни Жалцановын бүтээл “Бадма, Чагдар хоёр” хүүхэлдэйн кино монгол хүүхдүүдийн хайртай кино болсон билээ.
Энэхүү богино хэмжээний хүүхэлдэйн кино нь Монгол, Буриад улсын цахим ертөнцөд олон мянган хандалт авдаг. Хүүхэд, багачууд “Бадма, Чагдар хоёр”-ын шинэ ангийг тэсэн ядан хүлээдэг болсон.
“Эрхэт Монгол” медиа группийн харьяа TV8 телевиз ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын "Буряад ТВ"-тэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “Бадма, Чагдар хоёр” богино хэмжээний хүүхэлдэйн киног зохиогчийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Киног зохиогч Эрдэни Жалцанов “Бадма, Чагдар хоёр”-ын шинэ адал явдлын тухай өгүүлэх дараагийн ангиудаа бүтээнэ гэдгээ бидэнд ярилцлага өгөхдөө онцолсныг удахгүй уншигч, сонсогчдодоо хүргэх болно.
Тэрбээр буриад хэлний соёлыг хадгалж үлдээх зорилгоор “Бадма, Чагдар хоёр”-ыг дэлгэцнээ амилуулсан ба анх зөвхөн зургаар илэрхийлдэг байсан хоёр хүүхдийн түүх одоо монтажлагдан, хүүхэлдэйн кино болж, олон нийтэд хүрч буй.
“Бадма, Чагдар хоёр”-т хоёуланд нь зохиолчийн охин Янжим дуу оруулсан билээ. Янжим охин Бадмад дуу оруулахдаа хоолойгоо бүдүүрүүлж, Чагдарт дуу оруулахдаа хоолойгоо нарийсгаж дуугардаг. Аавтайгаа Монголд ирж, монгол хүүхдүүдтэй уулзаж байсан Янжим охины өхөөрдөм дуу хоолойг сонсож, Бадма, Чагдар хоёрын адал явдлаар хамтдаа аялан, буриад, монгол үндэстний соёлыг хамтдаа сонирхоорой.
Сэтгэгдэл ( 1 )
Буриад монголчууд урагшаа, улам өсөн үржих болтугай.