Ашигт малтмалын лицензийн эмх замбараагүй олголт, орон нутгийн саналыг авдаггүй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг иргэд олон нийт ихээр шүүмжлэх болсон.
Иймд дур зоргоор хүч түрэн, хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог байдлыг таслан зогсоож, цаашид ийм байдал давтагдахаас сэргийлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа. Энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц, сонгон шалгаруулалт, үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хэд хэдэн зүйл заалтыг хуулинд тусгайлан заахаар болжээ.
Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахдаа тухайн орон нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх замаар зөвшөөрөл авах, тус зөвшөөрөл нь сонгон шалгаруулалтад гол үндэслэл болох, тухайн сум, багийн иргэдийн хурлаас зөвшөөрөл заавал авах заалтуудыг тусгахаар болжээ. Ингэснээр өнгөрсөн хугацаанд иргэд, уул уурхайн компаниуд хооронд хамгийн их үүсдэг үл ойлголцлыг арилгах, талууд харилцан ойлголцож, тухайн төслүүд орон нутагтаа үр өгөөж өгдөг байх иргэдийн шаардлагыг хангах, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм.
Үүнээс гадна тухайн орон нутаг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээс гадна нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх байдлын нөлөөллийн үнэлгээг хийлгэх зохицуулалт тусгахаар болжээ. Мөн зөвшөөрлөө авсны дараа үйл ажиллагаа явуулж байгаа байдал, нөхөөн сэргээлтэд орон нутгийн хяналтыг сайжруулах юм.
Сэтгэгдэл ( 0 )