Талийгаач жүжигчин И Сун Гюүний тоглосон "Project Silence" кино 7 дугаар сард нээлтээ хийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 28

 

Талийгаач жүжигчин И Сун Гюүний тоглосон "Project Silence" хэмээх кино ирэх 7 дугаар сард нээлтээ хийхээр болжээ. 

CJ ENM-ийн бүтээл уг кинонд үзэгдэх орчин өтгөн манангийн улмаас хязгаарлагдах бөгөөд нисэх онгоцны буудлын ойролцоох гүүрэн дээр осол гарч, цэргийн туршилтын журмаар бий болсон ноход сул тавигдснаар амьд үлдэхийн төлөөх тэмцэл эхэлнэ. Триллер төрлийн энэхүү кинонд жүжигчин И Сун Гюүн гол дүр бүтээсэн бөгөөд тэрээр гүүрэн дээрх иргэд болон охиноо аврахын тулд чадах бүхнээ хийх болно. 

Тус кинонд "Familyhood" киноны найруулагч Ким Тэ Гун, "Parasite" киноны зураглаач Хон Кён Пё, "Along with the Gods" киногоороо олонд танигдсан Dexter студийн визуаль эффектийн баг ажилласан бол зохиолыг "Train to Busan" киноны зохиолч Пак Жу Сок бичиж, продюсероор "1987: When the Day Comes" киноны найруулагч Хан А Рым ажилласан нь багагүй хүлээлт үүсгээд байна. 

Мөрөөдлийн баг гэж нэрлэж болохуйц уран бүтээлчдийн нэгдсэн энэхүү уран бүтээл өнгөрсөн онд нээлтээ хийхээр товлогдсон байсан ч талийгаач И Сун Гюүн хар тамхины хэрэгтэй холбогдуулан хойшлогдоод байсан билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор тус киног олон нийтэд цацах эсэх нь тодорхойгүй байсан ч талийгаачийн хамгийн сүүлийн кино бүтээл болсон тул ирэх 7 дугаар сард ийнхүү нээлтээ хийхээр болжээ. 

Хар тамхины хэрэгтэй холбогдуулан И Сун Гюүний тоглосон өөр нэгэн кино бүтээл болох "Land of Happiness" хэмээх кино мөн нээлтээ хойшлуулаад байсан. Тус кино ирэх 8 дугаар сард нээлтээ хийхээр болсон байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top