Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувьд хүртэл бууруулах тухай хуулийн заалт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Банкны тухай хуулиар бол 2023 оны 12 дугаар сарын 31-нд багтаж хэрэгжсэн байх ёстой.
Гэвч банкууд уг заалтыг хэрэгжүүлээгүй. Өнөөдрийн байдлаар Төрийн банк 49.26%, Хаан банк 44.99%, ХХБ 60.8011%, Хас банк 94.99%, Голомт 77.20%, Чингис хаан 100%, Богд банк 73.06% гэхчлэн хувьцааны төвлөрөл өндөр хэвээрээ байгаа.
Түүнчлэн Монголбанк уг ажлыг цаг тухайд нь банкуудаар гүйцэтгүүлж чадаагүй, хуулийн хугацааг гурван жилээр сунгуулахаар ажиллаж байна гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч, Монголбанкны зүгээс ч хариу тайлбар хийсэн.
Тэгвэл өчигдөр /2024.05.28/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Баттөмөр гишүүний санаачилж энэ оны хоёрдугаар сарын 7-нд өргөн мэдүүлсэн уг төсөлд банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахтай холбоотой зохицуулалтыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хугацааг сунгах асуудлыг тусгасан байна.
Банкууд хуульд заасан хугацаанд компанийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулж буй ч олон улсын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчдын боломж зэрэг олон хүчин зүйлээс хамааран тодорхой хугацаа шаардагдаж байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хийв. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олнх дэмжжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд Байнгын хорооны дэмжсэн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Банкны эздүүд авлигадчихаж