“Дэггүй Лиз” балет ”Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан театрын тайзнаа тоглогдоно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

 

Ф.Херольдын “Муу хамгаалагдсан охин” буюу “La Fille mal gardee” балет театрын тайзнаа “Дэггүй Лиз” нэрээр үзэгч та бүхэндээ анх 2017 оны 05- сарын 31, 06-р сарын 01-нд хүрсэн түүхтэй.

УДБЭТ-ын хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу 06-р сарын 01-ны өдрийн 17:00 цагт уг жүжгийг тоглохоор төлөвлөөд байна. Тус балет нь энэ удаад 4 жилийн дараа театрын тайзнаа тоглогдож хүүхэд багачуудын хүртээл болох гэж байна.

Ф.Херольд “Дэггүй Лиз” балетын тухай

Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын “Гранд опера” театрт “Муугаас сайн хүртэл нэг алхам” нэртэйгээр тоглож байжээ. Дэлхийн томоохон театруудын байнгын урын санд тоглогдож байдаг уг хошин балетын санааг балетмейстер Жан Доберваль 1789 онд  Францын уран зураач П.А.Баудоны зурсан “La réprimande” орчуулбал “Зэмлэл”гэсэн ээж охин хоёрын муудалцаж байгаа зургаас санаа аван бүтээсэн бол аялгууг Францын 55 ардын аялгууг суурь болгон зохиосон гэдэг.  Хоёр зууны турш уг балетыг дэлхийн маш олон театрт доод тал нь зургаан хөгжим дор, өөр өөр нэрээр тоглодог байсан бол өдгөө“La Fille mal gardee” балет дэлхийн театрууд хоёр үндсэн хувилбараар тоглож, өнөөгийн үзэгчдэд хүрч байгаа билээ. Нэг нь Германы хөгжмийн зохиолч П.Л.Хертелийн хөгжим Александр Горькийн хувилбар.  А.Горький энэ хувилбарыг 1903 онд Большой театрт анх тавьж байжээ. Хоёр дахь нь 1960 онд Рояаль театрт тавьж байсан Ф.Херольдын хөгжим, балетмейстер Ф.Аштоны дэглэн найруулсан хувилбар юм.

Хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын тухай

Францын хөгжмийн зохиолч Фердинанд Херольд1791 онд Парис хотноо төгөлдөр хуурч, ая зохиогч ФранцессХерольд болон Жеанна Паскалын ганц хүү болон мэндэлжээ. Түүний өвөө Никольс Херольд мөн орган хөгжимчин байжээ. Түүний хөгжмийн авъяас бусад суут хөгжимчдийн адил бага наснаасаа тодорчээ. Тэрээр зургаан настай байхдаа Ж.Фетигээс хөгжмийн онол сурч эхэлсэн ба долоон настай байхдаа төгөлдөр хуур хөгжмийг чадварлаг тоглохоос гадна хэд хэдэн төгөлдөр хуурын ая зохиосон байжээ. Гэвч түүний эцэг Херольдийн хөгжимчин болох  хүсэл мөрөөдлийг эсэргүүцдэг байв. 1802 онд түүний эцэг харамсалтайгаар нас барж, түүний хөгжмийн кареер жинхэнэ эхэлсэн гэж үздэг. 1806 онд тэрээр Парисын Хөгжмийн Дээд Сургуульд элсэн орж, сурч байх хугацаандаа төгөлдөр хуур, хийл хөгжмийг чадварлаг эзэмшсэн нэгэн байв. Фердинанд Херольдсонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан  хөгжмийн зохиолч бөгөөд 22 дуурь, 6 балет, хэд хэдэн хөгжмийн зохиол бичсэн байна. Тэдгээрээс хамгийн алдартай бүтээлүүд нь  “Zampa” дуурь болон “La Fille mal gardee” балет юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top