Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын заан Д.Анар түрүүллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 09

Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит, Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд улсын цолтой бөхчүүдээс арслан цолтой хоёр, заан цолтой хоёр, харцага цолтой дөрөв, начин цолтой долоон бөх зодоглолоо.

15 дахь удаагийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Серик, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарлаа. Түрүү бөх Д.Анар энэ барилдааны хоёр дахь түрүүгээ хүртсэн бөгөөд өмнө нь 2019 онд түрүүлж байжээ. Наадмын сорилго энэхүү барилдаан нь 2023-2024 оны улирлын 128 дахь барилдаан байлаа.

Наадмын сорилго барилдаан 2007 онд анх болоход улсын арслан Б.Ганбат, 2008 онд улсын харцага Ө.Даваабаатар, 2009 онд улсын гарди Д.Рагчаа, 2010 онд улсын начин Д.Батбаяр, 2011 онд улсын заан М.Өсөхбаяр, 2012 онд улсын гарди Ж.Бат-Эрдэнэ, 2013 онд улсын заан Б.Батмөнх, 2014 онд улсын арслан Ц.Содномдорж, 2015 онд улсын гарди Ө.Бат-Орших, 2016 онд улсын харцага Т.Баасанхүү, 2017, 2018 онд өнжиж, 2019 онд улсын заан Д.Анар, 2020, 2021 онд өнжиж, 2022 онд улсын заан Б.Бат-Өлзий, 2023 онд аймгийн арслан Т.Төгсдөлгөөн нар түрүүлж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top