Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцерыг үндэсний хөлбөмбөгийн талбайд хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.06.09/ боллоо. Манай улс энэ жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний дагуу соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлан таниулах хүрээнд Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцер “Go Mongolia” үндэсний брэндингтэй хамтран ажиллахаар болсон юм.
Манай улсад өчигдөр /2024.06.08/ хүрэлцэн ирсэн түүнийг үндэсний хөлбөмбөгийн талбайд хүлээн авах ёслолын ажиллагааг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин нээж үг хэллээ. Энэ үеэр тэрбээр дэлхийн алдартай хөлбөмбөгийн багийн тоглогчийг Монгол Улсад авчрах яриа хэлэлцээрийг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байгааг онцоллоо.
Ч.Номин сайд “Фүлхэм” клубийн хаалгач манай улсад хүрэлцэн ирснээр ямар боломж бий болж байгааг тодотгов. Тэрбээр “Алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцтай ийнхүү хамтран ажилласны үр дүнд манай улсын хүүхэд залуучууд “Премьер лиг”-ийн тоглолтод оролцох, тэднээс суралцахаас гадна “Фүлхэм” багийн академийг Монгол Улсад байгуулах. Улмаар Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд “Go Mongolia” брэндийг таниулах, “Фүлхэм” багийн сошиал хаягаар дамжуулан Монгол Улсаа сурталчлан таниулах, Марк шиг чансаа өндөртэй олон том тоглогчийг Монгол Улсдаа урьж ирүүлэх зэрэг олон боломж бий болж байна” хэмээн онцоллоо.
Дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй Английн “Премьер” лигийн шилдэг баг “Фүлхэм” клуб нь 145 жилийн түүхтэй бөгөөд алдарт хаалгач Марк Шварцер тус клубийн төлөө 172 тоглолтод оролцож байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene avgai boliosoi,dandaa dandaa balai yum hiij BH Yuma,zarlagatai ene neg iliige solioch,