Улсын арслангуудын эрэмбийг Ц.Содномдорж манлайлж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 06 сарын 22

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадам эхлэхэд ердөө 20 хоног үлдээд байна. Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн бөх шинээр цол авч, нэг бөх чимэг нэмээд байгаа. Ингэснээр энэ жилийн улсын наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн эрэмбэд өөрчлөлт орж байна.

Шинэ арслан Ц.Бямба-Отгон Улсын арслан Д.Азжаргал, Р.Пүрэвдагва нарын дээр эрэмбэлэгдэнэ.

Үндэсний бөхийн 2023-2024 оны улиралд 115 барилдаан болсноос улсын аварга О.Хангай хамгийн олон буюу 9 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэжээ
 

Монгол бөхийн нэгэн чухал онцлог бол улсын баяр наадмаар үзүүлсэн амжилтаар нь хүчит бөхчүүдээ эрэмбэлэн жагсааж том цолтнууд нь баруун зүүн жигүүрээ манлайлан барилддаг уламжлалтай. Насны ялгаатай эсэхээс үл хамаарч дээд цолтноо доод цолтнууд нь хүндэтгэж ирсэн өвгөдийн энэ уламжлалын дагуу энэ цагийн хүчит бөхчүүдийг эрэмбэлбэл Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат,  Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр дөрвөн удаа 9 давж, гурван удаа 8 давсан амжилтаар зүүнээ магнайлах бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын дархан аварга, Агваансамдангийн Сүхбат нэг удаа арав, хоёр удаа 9 давсан амжилтаар баруунаа магнайлах юм.

Тэгвэл нэг үеийн Аваргуудын төлөөлөл болох улсын аварга Сумьяабазар эрэмбийн дөрөвт буюу даян аварга Батсуурийн дараа эрэмбэлэгдэнэ.  Харин яг энэ цаг үед ид барилдаж байгаа аваргуудыг эрэмбэлбэл Увс аймгийн Ховд сумын харьяат улсын даян аварга Намрайжавын Батсуурь гурван удаа 9 давж, хоёр удаа 8 давсан амжилтаар зүүнээ магнайлах бол Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс хоёр удаа 9, хоёр удаа 8 давсан амжилтаар барууныг магнайлна.

Дагавар магнайд улсын аварга Эрхэмбаяр, Санжаадамба нар эрэмбэлэгдэх бол хэд хоногийн өмнө үлэмж бадрах чимэг нэмсэн улсын аварга О.Хангай, улсын аварга С.Мөнхбатын дээр эрэмбэлэгдэж байгаа юм. Үндсэндээ Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, О.Хангай, С.Мөнхбат гэсэн дараалалд энэ цагийн хүчит аваргууд эрэмбэлэгдэж байна. Харин арслангуудыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдорж нэг удаа 9, нэг удаа 8, нэг удаа 6 давсан амжилтаар арслангуудын тэргүүнд эрэмбэлэгдэж байгаа бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг нэг удаа 9, нэг удаа 8, зургаан удаа тав давсан амжилтаар удаалж араас нь Х.Мөнхбаатар арслан нэг удаа 9, гурван удаа долоо, дөрвөн удаа 6, хоёр удаа тав давсан амжилтаар, Б.Ганбат арслан нэг удаа 9, гурван удаа 7, гурван удаа 6, таван удаа тав давсан амжилтаар, Э.Оюунболд арслан нэг удаа 9, нэг удаа 7, нэг удаа 6 давсан, улсын арслан Б.Орхонбаяр нэг удаа 9, нэг удаа 6, хоёр удаа тав давсан амжилтаар эрэмбэлэгдэж байгаа бол шинээр улсын арслан цол хүртээд байгаа Ц.Бямба-Отгон нэг удаа 9, нэг удаа 6 давсан амжилтаар улсын арслан Азжаргал, Пүрэвдагва нараас дээгүүр эрэмбэтэй болж байна. Тэгвэл ерөнхийлөгчийн зарлигаар улсын заан цолонд хүрээд байгаа С.Сүхбат заануудын хамгийн сүүлд эрэмбэлэгдэж байгаа бол өсөх идэр начин Э.Даш найман жилийн дараа цолоо ахиулж, харцага цолонд хүрснээр энэ цагийн хүчит харцагууд болох Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр, Г.Ганхуяг нарын дээр эрэмбэлэгдэх нь ээ. 

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар начин цолны батламжаа авсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Б.Баянмөнхийн тухайд улсын цолтнуудын жагсаалтыг хааж байгаа бөгөөд энэ жилийн баяр наадамд анх удаа улсын цолтой зодоглоно.

Сонирхуулахад, 2023 оны есдүгээр сарын 10-нд болсон улирлын барилдаануудын нээлтээс хойш улс, аймаг, сум, цэргийн цолтнуудын ний 115 удаагийн барилдаан зохион байгуулагджээ. Бөхийн өргөөнд зохион байгуулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн 25 бөх байгаагийн дөрөв нь улсын цолгүй бөх юм. 

2023-2024 оын улирлын барилдаануудад улсын аварга О.Хангай хамгийн олон буюу нийт есөн удаа түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр удаа их шөвөгт үлджээ

Араас нь улсын заан Б.Бат-Өлзий найм түрүүлж, гурав үзүүрлэн, нэг удаа их шөвөгт үлдсэн амжилтаараа удаалж, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Д.Анар, үнэн зоригт харцага Б.Зоригбаатар, Н.Золбоо, харцага Г.Бадрах, шинэхэн арслан Ц.Бямба-Отгон, начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар тус бүр хоёр түрүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.238) 2024 оны 06 сарын 25

Түрүүлж цолоо авснаар нь эрэмбэлэх нь зөв шүү дээ. Амжилтаар эрэмбэлэхээр чинь допинг гарна шүү дээ.

0  |  0
Зочин(59.153.112.153) 2024 оны 06 сарын 22

Худлаа тооцоо хийж, хутгаж байхын оронд цол авсан оноор эрэмбэлэхэд л болмоор, түрүүлж цол авсан нь түрүүлж амаа авна

0  |  0
Зочин(202.126.91.143) 2024 оны 06 сарын 22

Со арслан 1 удаа 6 даваагүй байх Засаарай

0  |  0
Top