Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ноос зохион байгуулж буй өсвөрийн охид хөвгүүдийн U10,U11,U12 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэж байна.
U11 насны тэмцээнд нийт 30 багийн 477 тоглогчид өрсөлдөж байгаа ба өчигдөр хэсгийн шатны сүүлийн тоглолтууд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хасагдах шатны тоглолтууд үргэлжлэж улмаар цааш шөвгийн 8-ын төлөө тоглох багийн нэрс тодрох юм.
Хөлбөмбөгт дурлаж, энэ спортоор хичээллэн, баг клубт хамрагдсан хүүхэд бүрт тэмцээнд оролцох боломжийг нээлттэй болгох үүднээс энэ удаагийн тэмцээнд нэг клубийг төлөөлөн УАШТ-д орох хүүхдийн тоог хязгаарлаагүй.
Тэр ч утгаараа энэ удаагийн тэмцээнд 1200 гаруй хүүхэд багачууд оролцож, хөлбөмбөгийн гоё сайхныг тэмцээн уралдааны талбарт өөрсдийн биеэр мэдэрч байна. Хурдан шаламгай хөвгүүдээс дутахгүй авъяаслаг охид ч тэмцээнд оролцож, ногоон талбайн чимэг болж байгааг онцлох нь зүйтэй.
Мөн тэмцээнд оролцож буй хүүхэд бүрийг бөмбөгтэй харьцаж, тоглолтод оролцоосой гэсний үүднээс стандарт талбайг дөрөв хувааж, тоглолтын цагуудыг боломжтой хэмжээгээр тааруулан хуваарь гаргасан юм.
Анх удаа тэмцээн уралдаанд оролцож, хөлбөмбөгийн спортын гоё сайханд дурлаж яваа бяцхан хөлбөмбөгчдөө урмаар тэтгэж, хүсэл мөрөөдлийг нь улам бүр дэмжихийг нийт багш дасгалжуулагчид, эцэг, эхчүүддээ уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )