"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ-ын томилсон дөрвөн ажиглагч гадаадад санал хураах явцыг ажигласан талаараа мэдээлэл өглөө.
"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын УЗ-ийн дарга Т.Амарзаяагийн өгсөн мэдээллийг хүргэе.
"БНСУ, Япон, АНУ-д 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд сонгуулийн санал хураалт хуулийн дагуу явагдаж буй эсэхэд ажиглалт хийлээ.
Тус гурван улсын салбар комиссын санал хураах байр цагтаа нээгдсэн ба зохион байгуулалт сайн байсныг ажиглагчид мэдээлэв. Санал хураах байрыг хуулийн дагуу бэлтгэсэн. Санал хураах явцад ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй, хэвийн явагдсан гэдгийг ажиглагчид тайланд дурджээ. Сонгогчид нэр дэвшигч сонгоно гэсэн ойлголттой ирсэн цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн ба зөвхөн нам сонгох боломжтой байгааг маш их гайхан хүлээж авч байжээ. Гадаадад байгаа сонгогчид зөвхөн нам сонгох тухай мэдээллийг аваагүй байна. Онлайнаар бүртгүүлсэн боловч иргэний үнэмлэхийн зургаа дутуу оруулснаас болоод бүртгэл нь баталгаажаагүй гэдгийг мэдэлгүй саналаа өгөхөөр ирсэн нэг иргэн байсан бөгөөд урьдчилж бүртгүүлээгүй ч саналаа өгөх боломжтой эсэхийг асуусан залуус хэд хэд ирсэн гэв.
Сөүл хотын салбар комисст санал өгөхөөр 2656 хүн бүртгүүлснээс 1845 хүн саналаа өгснөөр 69,47 хувьтай санал авах үйл ажиллагаа дуусаж, салбар комисс хуульд заасны дагуу саналын хуудасны тооцоо хийх, битүүмжлэх үйл ажиллагаа явагдав. Санал хураах явцад хурууны хээ нь танигдаагүй 6 иргэн байсан ба иргэний үнэмлэхийн мэдээлэлд үндэслэн бүртгэл үйлдээд саналын хуудас олгожээ. Түүнчлэн бэхэн тэмдэглэгээ хийлгэхгүй гарж явах, санал өгсөн иргэд урсгал сөрж гарах, гадаадад амьдарч байгаа иргэд зөвхөн нам сонгохыг мэдэхгүй тохиолдол цөөнгүй байв. Осака хотод хурууны хээ унших төхөөрөмж эхний 5 хүн дээр ажиллаад тэрнээс хойш огт ажиллаагүй байна. Үүнээс гадна урьдчилж бүртгүүлж байж саналаа өгөх ёстой гэдгийг мэдээгүй иргэд ч олон байжээ.
АНУ-ын хувьд саналын хуудасны бүх тоо тулсан бөгөөд хүчингүй, эсвэл нэмэлтээр саналын хуудас өгсөн тохиолдол гараагүй ба 85.3 хувийн ирцтэйгээр санал хураах үйл явц өндөрлөв.
Сэтгэгдэл ( 1 )
setgelgui l handajdee