"THE HU" | Тоглолтод оролцох зочин уран бүтээлчдийг зарлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 02

 

"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний "Нар Сар" тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна. 

Дэлхий дахинаа Монголын урлаг хэр түвшинд хөгжсөн болохыг харуулж, өв соёл, язгуур урлагаараа омогших энэхүү тоглолтод дараах уран бүтээлчид урилгаар оролцохоор болжээ. 

Тухайлбал, реппэр DESANT, Ука, Наагий, Davaidasha, Чойжоо, Jason, Baatar болон Мишээл нар оролцох ба өвөрмөц хийгээд содон тоглолтыг тайз засал болон найруулгатай хослуулан үзүүлэх гэнэ. 

"The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.

Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн "Wolf Totem", "Shoog shoog" зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд "Gereg" хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.

Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин "The Hu" хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ. 

 

Тасалбарыг shoppy.mn/products/the-hu-240710 болон www.ticket.mn/event/2200 холбоосоор худалдан авах боломжтой

Энгийн тасалбар: 99,000 төгрөг

"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг

"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг

 

 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.54) 2024 оны 07 сарын 02

Тийм үнэтэй тоглолт үзэх хүн цөөхөн

0  |  0
Top